Амиа хорлоход уриалсан “ЭМО” группийн админыг олж, группыг хаалаа

Цахим орчинд хүүхэд залуусыг цэнхэр халим тоглоом тоглох, амиа хорлох зэргээр буруу зан үйлд уриалан дуудаж, уруу татсан пэйж хуудас, групп цөөнгүй бий. Үүний нэг нь 3500 гаруй гишүүнтэй “ЭМО” бүлэг. Цагдаагийн байгууллагаас энэ хуудасын эзнийг илрүүлж, идэвхтэй үйл ажиллагааг нь таслан зогсоох арга хэмжээ авчээ. Группийг үүсгэн байгуулсан админ 15 настай М охины хэлснээр “Энэ группыг хоёр гурван сарын өмнө нээсэн. Эхний нэг сар ашиглаад сүүлийн хоёр сар ашиглаж чадаагүй. Нийгмээс өөрийгөө тусгаарласан хүүхдүүд нэгдэх зорилгоор анх үүсгэсэн. Группт нэгдсэн гишүүдийн ихэнхийг нь танихгүй. Үнэмшилтэй харагдсан ихэнх зураг, постуудыг зарим хүүхдүүд хараад туршихыг оролддог юм байна лээ. Өөр бусад нь хараад өнгөрчихдөг болхоор тоогоогүй. Анхандаа энэ группыг нээхэд надад зөв юм шиг санагддаг байсан. Сүүлд найзууд маань буруу гэдгийг надад хэлсэн”
Иймд хүүхдийнхээ интернэт хэрэглээнд тавих хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ илүү ойр, дотно харилцах явдал нь хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга зам болохыг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийт эцэг эхчүүддээ анхааруулсан юм.