-Тэрэлжийн шугуйд 40-өөд амралтын газар зөвшөөрөлгүй ажиллаж байна-
Үерийн усанд нийслэл “урсчих” гээд сандаргаж байхад өөрсдөө гол, нууранд “гүйж очоод” живж амиа алдах тохиолдол гарсаар. Гол, нуур үертэйг сэрэмжлүүлсээр атал халуун чулуу атгах гэсэн иргэд хайнга, хэнэггүй зангаасаа болж амь эрсдэж, тэр ч бүү хэл, хайртай үр хүүхэд, өндөр настай аав, ээжийгээ харамсалтайгаар алдсан явдал цөөнгүй гарч байна.
Хотын төвөөс 35 км-т байрлах Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст уржигдар “голд живсэн” гэх дөрвөн дуудлага иржээ. “ЗиЛ-131” маркийн автомашинаас өөр урдаа барих техник хэрэгсэлгүй тэд эл дуудлагад багагүй сандарсан гэнэ. Машинтайгаа усанд живэх гэж байсан хоёр хүнийг аварч байтал дараагийн дуудлага нь залгаад ирж. Ойролцоо ирсэн дуудлагад зэрэг явах машин техникгүй учраас туулах чадвар сайтай ганц машинаараа л өглөө 08.00 цагаас үдшийн бүрий хүртэл ажилласан тухайгаа тус хэлтсийн орлогч дарга, дэд хурандаа Л.Чинбат хэлэв. Тэрбээр уг хэлтэст 15 дахь жилдээ ажиллаж буй бөгөөд дуудлага бүрт өөрийн биеэр очиж, удирдлага зааварчилгаа өгдөг аж.
Тодруулбал, тус дүүргийн I хороон дахь Энгэр шандын Халгайтын ам гэх газар Туул голын усанд 13.56 цагийн үед эмэгтэй хүн живэх гэж байсныг тус хэлтсийн усчин аврагчид аварчээ. Тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн байж. Үүний дараахан VI хорооны нутаг, Тэрэлжийн модон гүүрний дэргэд Туул голын усанд хоёр иргэн “Ланд крузер-100” маркийн автомашинтайгаа живэх гэж байсныг аварч, автомашиныг нь татан гаргасан байна.
Аврагчид 16 км газрыг туулан очиход хоёр иргэн автомашиныхаа дээр гарчихсан, ус бүхээгийг нь давсан байжээ. Уг автомашиныг уснаас гаргах гэж цаг орчим зууралдаж байх зуур V хорооны нутагт байрлах “Уу булан” гэх жуулчны баазад амарч байсан 50 гаруй хүн усанд боогдсон дуудлага ирж. Тус хэлтсийн зургаан аврагч 16.00 цагт дээрх жуулчны баазад очиход 54 хүн усанд боогдсон бөгөөд тэдний 14 нь ажилчид нь байжээ.
Амрагчдыг очсон шөнө бороо орсны улмаас маргааш нь голын гармаар гарах боломжгүй болж, усанд боогдсон байна. Тэднийг аюулгүй газар хүргэж, тус амралтын газрыг өчигдрөөс хүн хүлээж авахгүй байх үүрэг өгсөн гэнэ. Усанд боогдсон иргэдийн дунд жирэмсэн болон нэг сар гаруйтай хүүхэдтэй хүн ч байж. Үүний дараахан буюу 18.10 цагт “гурван хүн усанд живж байна” гэсэн дуудлагаар газар дээр нь очиж ажиллахад хоёр нь модноос зуурч амь гарсан бол 42 настай иргэн М живсэн байжээ.
Тэд Дундговь аймгийн харьяат бөгөөд сургуулийнхаа ойгоор багш нартайгаа хамт амралтын газар ирсэн нь тэр байж. 15- 16 хүн, дөрвөн багшийнхаа хамт явсан бөгөөд нэг багш нь хоёр шавьтайгаа зураг авхуулна гэж Туул голын модон гүүрэн дээр гараад хөл алдан харамсалтайгаар амь эрсэджээ. Тэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэнэ. Гол усанд живж амиа алдсан хүмүүсийн олонх нь эрчүүд бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн байдгийг аврагчид хэлдэг.
Мөн бага насны хүүхэд, өндөр настай хүмүүсээ хараа хяналтгүй байлгаснаас голд алдах явдал гарсаар байгаа юм. Саяхан тус дүүргийн II хорооны нутгаар урсах Туул гол дагуу амарч зугаалж явсан хүмүүс 88 настай ээжийгээ хараа хяналтгүй үлдээж, хорхог хийж байх зуур ээж нь эндсэн харамсалтай явдал гарчээ. Талийгаач хараа нь муудсан учраас голын усанд мэдэлгүй унаж, живсэн бололтой.
Дээрх золгүй явдлууд бүгд амралтын газрын ойролцоо болжээ. Налайх дүүрэг долоон хороотой. I, V, VI хороонд аялал жуулчлалын бааз, амралтын газар хамгийн олон гэнэ. VI хороо буюу Тэрэлж орчим Хан Хэнтийн дархан цаазат хамгаалалтын газарт хамаардаг бөгөөд тэнд амралтын 100 гаруй газар бий аж. Налайх орчим нийт 160 орчим амралтын газар үйл ажиллагаа явуулж буйгаас Тэрэлжийн шугуй гэх газар 40-өөд хүн газрын зөвшөөрөлгүйгээр гэр, байшин барьж, амралтын газар болгон ажиллуулж байгаа гэнэ. Үйл ажиллагаа эрхэлж буй эзэд нь нутгийн иргэд бөгөөд эл газар олон жил амьдарснаараа түрээ барьж, албаны хүний “нүү” гэсэн шаардлагыг ч хүлээж авдаггүй байна.
Усан дундах амралтын газруудын байр байдлыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга, дэд хурандаа Л.Чинбат бидэнд танилцуулсан. Бид Налайх дүүргийн I хорооны нутаг, Баянзүрхийн задгай гэх газар эхэлж очсон юм. Тэнд аялал жуулчлалын хэд хэдэн бааз байхын зэрэгцээ нутгийн иргэд зусландаа гарсан байв. Туул гол үерлэж, салаа бүр нь усаар халгижээ. Тэр хавийн амралтын газар, айл өрхүүд усан дунд “амьдарч” байна гэхэд хилсдэхээргүй байдалтай харагдана.
Хамгийн наана харагдах модон 10 байшин усанд автжээ. Үйл ажиллагаагаа ч эхлүүлж амжаагүй байхдаа усанд “бүслэгдсэн” нь хайран хөрөнгө зарлагадсаныг илтгэнэ. Цаашлаад “Найман шарга” цэргийн амралтын газар дахин аадар ороход л үерт автахад ойрхон байна. Энэ хавь нь голын голдирол гэдгийг Л.Чинбат дэд хурандаа онцолсон. Тэрбээр “Үер, усны ам, далан, сувгийн ойролцоо газар олгохгүй байх ёстой.
Гэтэл газрын албанаас зөвшөөрөл авсан гэдгээр түрээ барьж, голын эрэг дагуу тухалсан амралтын газрууд эмх замбараагүй байдал үүсгэхэд нөлөөлж байна. Гол уснаас 50 метрийн зайд аялал жуулчлалын болон бусад зориулалтаар газар олгохыг хориглох заалттай. Гэтэл амралтын газар, айл өрхүүд голын эрэг дээр л байрлаж байна шүү дээ. Тэрэлжийн шугуй гэх газарт орон нутгийн иргэд газар эзэмших зөвшөөрөлгүй хэрнээ хэдэн гэр бариад л амралтын газар нэрээр үйл ажиллагаа явуулж байна. Долдугаар сарын 8-наас эхлэн үер усны дуудлага эрс нэмэгдсэн.
Манай хэлтэст мэргэжлийн усчин аврагч 10 гаруй бий. ОХУ-д суралцаж, багшлах эрх эзэмшсэн нэг аврагч байгаа. Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй аялал жуулчлалын баазуудыг бид шалгаж, гал унтраах болон эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх сургалт явуулдаг. Голд хүн живэхэд дэргэд нь байвал л аврах боломж илүү. Дуудлагаар очсоор байтал цаг алдаж, хүн эндэх эрсдэлтэй. Тиймээс зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл Туул, Тэрэлж гол дагуу завьт эргүүл байнга ажиллуулж байна. Ялангуяа амралтын өдрүүдэд голын эрэг дагуу амарч, зугаалах хүн эрс нэмэгддэг учраас хүч нэмж ажилладаг” гэв.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст 60 гаруй хүн ажиллаж буй бөгөөд тэд Төв аймгийн Эрдэнэ сумын зарим нутагт хүртэл аврах ажиллагаа явуулдаг байна. Хэд хоног үргэлжлэн орсон аадрын улмаас тус дүүрэгт хэд хэдэн айл усанд автсан ч азаар хүний амь эрсдээгүй гэнэ.
Аадар үе үе орох төлөвтэй учраас Туул голын усны түвшин дахин нэмэгдэж, гол бараадсан дээрх амралтын газрууд улам хүнд байдалд орох нь. Иймд аль болох гол уснаас хол байж, баталгаатай зам, гүүрээр гарахыг тус хэлтсийнхэн анхааруулсан. Иргэд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэйг ч онцолно лээ. Онцгой байдлынхан учир байдлыг тайлбарлаж хэлсэн ч үл тоож, үер буух эрсдэлтэй газраас явахыг сануулсан ч нүд хуураад буцаад л ирдэг гэнэ.
Зарим нь “Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг байж биднийг аврах ёстой. Шуурхай ирсэнгүй” гээд хэл ам татлах нь цөөнгүй аж. Анхааруулах самбар, тэмдэг, тэмдэглэгээ байсаар атал голд орж, хөл алдаад “аварсангүй” гэж тэднийг харааж зүхэх нь хэвийн үзэгдэл болсныг тэд учирласан. Аюулгүй байдлаа хангаагүй амралт нэртэй газруудад тухлах бус, амиа алдах аюул ойрхон байгааг мэдэхэд илүүдэхгүй биз ээ.
Эх сурвалж: