Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд гомдол хүргүүллээ. Тус байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүд энэ сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод хандаж гаргасан шаардлагын агуулгатай холбогдуулан тэднийг УИХ-ын гишүүний ёсзүй болон Авлигын эсрэг хууль зөрчсөн гэж үзжээ. Гомдолд өгүүлснээр
Нэг: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс Авлигатай тэмцэх газарт 2018 оны зургадугаар сарын 18-ны өдөр “60 тэрбумын” гэх хэргийн талаар мэдээлэл авах хүсэлт ирүүлсний дагуу Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, иргэн А.Ганбаатар нар “сонгуульд мөнгө босгохдоо албан тушаал хэрхэн наймаалцах” талаар ярилцаж байгаа бичлэгт дурьдсан үйл явдал нь Эрүүгийн хуульд заасан албан тушаалын гэмт хэргийг шинжийг агуулсан байж болзошгүй гэх гомдол мэдээлэлд ЭБШХ-ийнндагуу мөрдөн байцаалтын ажиллагаа хийж Нийслэлийн прокурорын газраас “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай шийдвэрийг УЕПГ-аас хүчингүй болгон шинээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтарсан ажлын хэсэг байгуулан,дахин хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгасан талаар болон ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг Нийслэлийн прокурорын газраас хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлд зааснаар хэрэг бүртгэлийн хэргийг хаах шийдвэр гаргасан тухай дэлгэрэнгүй танилцуулгыг мэдээлэл авах хүсэлт гаргасан УИХ-ын гишүүнд 2018 оны зургадугаар сарын 19-ны өдөр хүргүүлсэн.
Хоёр. Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйл (Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах)-ийн 22.1 дэх хэсэгт Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг “өөрөө хүсэлт гаргасан, биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт “Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно” гэж заасан байна.
Гэтэл эрхэм гишүүн Л.Оюун-Эрдэнэ “…Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нь авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байгаа тул ёс зүйн хувьд уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэж, Монгол Улсын Их Хурлын 2016 оны долдугаар сарын 8-ны өдрийн 07 тоот тогтоолыг хүчингүй болгох асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг товлон зарлах шаардлагатай гэж үзэж байна” хэмээн өргөдөл гаргасан байна. Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулах, чөлөөлөх эрх УИХ-ын гишүүн төдийгүй хэн нэгэн этгээдэд олгогдоогүй байх тул дээр дурьдсан үндэслэл нь тодорхой хуулиудын холбогдох заалтыг зөрчиж байна.
Гурав. Улсын их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйл (УИХ-ын гишүүн бүрэн эрх)-ийн 7.1.12 дахь хэсэгт дурьдсан УИХ-ын гишүүн нь …УИХ-аас томилогдсон албан тушаалтныг … огцруулах санал гаргах эрх нь Үндсэн хуулийн цэцийн 2915 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор хүчингүй болсон.
Гэтэл эрхэм гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүд УИХ-аас томилогддог албан тушаалтныг огцруулах, түүнийг томилсон УИХ-ын шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага нэрээр Авлигатай тэмцэх газрын удирдлагад болон үйл ажиллагаанд илэрхий улс төрийн дарамт, шахалт үзүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэж доромжилсон ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргаж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйл (Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны үндсэн зарчим)-ийн 16.2 дахь хэсэгт “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Мөн дээрх үйлдлээрээ УИХ-ын гишүүн төрийн хуулийг дээдлэн сахиж, ягштал баримтлан ажиллаж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ гэж өргөсөн тангаргаа зөрчин, асуудалд УИХ-ын индэрийг ашиглан улс төрийн сонирхлоор хандаж, олон нийтийн шударга, үнэн зөв мэдээллээр хангагдах эрхийг болон мэдээллийн ил тод байдал ба Мэдээлэл авах эрхийн тухай хуулийг зөрчиж байна.
Иймд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүдийн дээрх хууль зөрчсөн үйлдлийг зохих журмын дагуу хянан шидвэрлэж, хариуцлага тооцон бидэнд хариу ирүүлэхийг хүсье. Хавсралт 8 хуудастай”. Тамгын хэлсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням” гэжээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбумын хэргийн бүрэлдэхүүний нэг хэсэг нь АТГ өөрөө биш бол энэ хэрэг дээр цэг тавиач ээ
Өнгөрсөн зургадугаар сарын дундуур УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын гэх бичлэгийн талаар тайлбар авахаар Авлигатай тэмцэх газрын даргад хандсан бөгөөд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үедээ
“Өнөөдөр би нэг зүйлийг илэрхийлье гэж бодож байна. Нэг хэсэг хэвлэлээр шуугиж дуулиан болоод мартагддаг байдалд Монголын нийгэм даслаа. АТГ 60 тэрбумын маш бодитой бичлэгтэй хэргийг шалгасан. Хэрэв 60 тэрбумын хэргийн бүрэлдэхүүний нэг хэсэг нь АТГ өөрөө биш бол энэ хэрэг дээр цэг тавиач ээ гэсэн байр сууриа илэрхийлсэн.
би 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг удирдах ёсзүйн эрхгүй гэж бодож байна. Тиймээс сайн дураараа УИХ-ын даргын бүрэн эрхээсээ түдгэлзэж, 60 тэрбумын хэргээр прокурор, АТГ-ын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй.Тэр болтол би УИХ-ын чуулганд оролцохгүй гэдгээ илэрхийлж байна. ” хэмээж байв.