Хур бороо ихтэй үед хүмүүсийн зайлшгүй мэдэж байх ёстой зүйлсийн нэг бол өөрсдийгөө аянга цахилгаанаас хамгаалах юм. Аянганд цохиулснаас болж амь насаа алдсан хүмүүсийн ихэнх нь орон нутагт бүртгэгддэг билээ. Тэгвэл золоор амьд үлдсэн тохиолдол Булган аймагт гарчээ. Өчигдөр тус аймгийн Сайхан сумын нутаг Ундрах багийн “Хөндлөн бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 65 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т 20.00 цагийн орчимд 19 настай эмэгтэй О, 16 настай эмэгтэй О нар мотоцикльтой малдаа явж байгаад аянгад цохиулсан байна. Мэдээллийн дагуу онцгой байдлынхан очиж, тэднийг эмнэлэгт хүргэсэн бол тус сумын эмч Д.Загдсүрэн анхны тусламж үзүүлж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.