Дэлхий дахинд нийт 40,3 сая хүн боолчлолд өртөж байгаагийн 71 хувь нь эмэгтэйчүүд байна гэж боолчлолыг эсэргүүцэгч “Walk Free” байгууллагаас мэдээлжээ. Хамгийн их боолчлолд өртөж байгаа хүн амтай улсын жагсаалтыг Умард Солонгос улс тэргүүлсэн бол жагсаалтын эхний 10-т Эритрей, Бурунди, Төв Африкийн улс, Афганистан, Мавритан, Өмнөд Судан, Пакистан, Камбож болон Иран улс багтсан байна. Умард Солонгос улсад 2,64 сая хүн улсынхаа төлөө хүчээр ажиллаж, боолчлогддог байна.
Уг мэдээллийг гаргахдаа дэлхийн 167 орны мэдээллийг ашиглан хүүхдийн хөдөлмөрт эрхлэлт болон албадан хөдөлмөр эрхлүүлэх, хүчээр гэрлүүлэх, эд эрхтэн худалдаалах зорилгоор хүний наймаа хийлгэх зэрэг янз бүрийн хэлбэрээр боолчлолд өртөж байгаа хүмүүсийн талаархи үнэлгээн дээр үндэслэжээ. Харин орчин үеийн боолчлолтой тэмцэхэд хамгийн ихээр анхаарлаа хандуулдаг улсуудын тоонд Нидерланд, Их Британи, АНУ, Швед, Бельги, Хорват, Испани, Норвеги, Португаль болон Черногор улс багтсан байна.