Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт долдугаар сарын 15-нд болох юм. Тайландын Там Луанг агуйд гацсан 12 хүүхэд, дасгалжуулагчийн хамтаар дээрх хугацаанаас өмнө аврагдаж чадвал алтан цомын төлөөх тоглолтыг ирж үзэхийг урьжээ.

ФИФА-ын ерөнхийлөгч Жианни Инфантино “Хүүхдүүдийн эрүүл мэнд аялахад асуудалгүй бол ФИФА та бүхнийг Москвад болох 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтыг үзэхийг урьж байна” гэж Тайландын хөлбөмбөгийн холбоонд албан бичиг ирүүлжээ. Дэлхийн зарим орны хөлбөмбөгийн холбоод ч өмөн хүүхдүүдэд туслах хүсэлтээ илэрхийлжээ.

Япон улсын Хөлбөмбөгийн шигшээ баг дээрх хүүхдүүдэд хандаж “Битгий бууж өгөөрэй, тэсээрэй! Тэсдэг юм шүү. Хөлбөмбөгийн гэр бүл та нартай хамт” хэмээн мэдэгдсэн бол “Бид тэднийг эсэн мэнд аврагдаасай гэж хүсэж байна. Бид бүхэн та нартай цуг байгаа шүү” гэж Английн хөлбөмбөгийн шигшээ багийн хамгаалагч Жонн Стонес хэлжээ. Энэ Бямба гаригт англичууд Шведийн эсрэг тоглох бөгөөд Шведийн багийн тоглогч Себастион Ларссон “Бид хүүхдүүдийн төлөө залбирах л хэрэгтэй” гэж сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ онцолжээ.

Одоогийн байдлаар хүүхдүүдийг аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. АНУ-ын “Тесла” корпорацийн захирал Элон Муск Тайландын эрх баригчдад хандаж өөрийн тусламжийн гараа сунгасан боловч тэд хариу өгөөгүй билээ. Харин Элон Муск өөрийн твиттер хуудсандаа “Тайландын Засгийн газар аль хэдийнэ байдлыг хяналтдаа авсан байгаа байх. Гэхдээ би тэдэнд ямарваа нэгэн арга замаар туслахад баяртай байх болно” гэж бичжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн