Он гарсаар эхний таван сарын байдлаар нийт 833 хүүхэд гэмт хэргийн халдлагад өртөж, хохирсон байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх,аливаа эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ явагдаж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Г.Золжаргалтай ярилцлаа.
-Сүүлийн үед хүүхэд гэмтсэн, эндсэн мэдээлэл их явах боллоо. Цагдаагийн газарт ирсэн албан ёсны мэдээллээс танилцуулахгүй юу?
-Энэ оны эхний таван сарын байдлаар 833 хүүхэд гэмт хэргийн халдлагад өртөж хохирсон тоо баримт байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 229 нэгжээр буюу 38 хувиар өссөн гэсэн үг. Энэ сард л гэхэд 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр гарсан хэрэг, Сэлбийн голд есөн настай хүүхэд хараа хяналтгүй явж байгаад эндсэн, уржигдархан гарсан эмийн сангийн цахилгаанд цохиулж хүүхэд эндсэн гээд цочирдом гурван хэрэг гараад байна.
Эдгээр хэргүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж, холбогдох ажиллагааг явуулж байна. Одоогийн байдлаар эцсийн дүгнэлтүүд гараагүй байна. Энэ бүхнээс харахад сургууль, аж ахуй нэгж байгууллага дотоод болон гадаад орчин дахь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт суларсан, хайнга хандсан, сургууль цэцэрлэгийн амралт эхэлсэнтэй холбоотой бага насны хүүхдүүд гэмтэж, эндэх тохиолдлууд гарч байна. Тиймээс хүүхдийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, аливаа эрсдэлээс сэргийлэх ажилд бүх нийтийн оролцоо, хандлагыг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.
-Хүүхэд төөрсөн, сураггүй алга болсон гэх хэргүүд их гарч байна. Нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 15 хүүхэд алга болсон гэсэн мэдээлэл ирдэг гэж байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Улсын хэмжээнд энэ оны 06 сарын 27-ны өдрийн байдлаар төөрсөн, сураггүй алга болсон 0-18 насны 859 хүүхэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс 858 хүүхдийг олж тогтоон ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн. Сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн иргэдийн алга болсон шалтгаан нөхцөл, олдсон цаг хугацааг судлан үзэхэд дийлэнх хувь 1-14 хоногийн дотор эргэж олддог.
Дийлэнх хувь нь эрхэлсэн тодорхой сургуульгүй, урьд нь удаа дараа алга болсноор бүртгэгдэж байсан. Бага насны хүүхдүүд нь ар гэр асран хамгаалагчийн хараа хяналтгүй байдлаас болж төөрөх, сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан ар гэрийнхэндээ хэлэлгүй гадуур тэнэдэг, компьютер тоглоомын газруудаар хэсүүчлэн хоноглон тоглох, гэр бүлийн таарамжгүй харьцаа маргаан зөрчлөөс шалтгаалж орон гэрээсээ дайжих, ойр дотнын хүмүүстээ хэлэлгүй хөдөө орон нутаг, ах дүүгийндээ очих зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
-Эмийн сангийн тогонд цохиулж нас барсан хүүхдийн хэргийн шалгалт хэр явж байна вэ?
-Энэ сарын 25-ны өдөр 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол “Дэлгэр төв”-д үйл ажиллагаа явуулдаг “Эко шинэс” эмийн сангийн гадаа тоглож байсан 9 настай иргэн “А” тогонд цохиулсан байдалтайгаар нас барсан явдлыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн I хэлтэс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж байна.
Шалгалтаар хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн эсэхийг тогтоохоор Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн, Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилох болон бусад шаардлагатай ажиллагааг хийж байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “аж ахуй нэгж байгууллага нь байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж буй хүрээндээ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, тодорхой арга хэмжээ авах”, 10 дугаар зүйлд “иргэн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх” үүрэг тус тус хүлээсэн байдаг. Тиймээс Цагдаагийн байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хандаж аливаа эрсдэл илрүүлэх, учирч болзошгүй хор уршгийг арилгах, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхааруулж байна.
-Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлуудыг хийж байна вэ?
-Цагдаагийн байгууллагаас Хууль зүй дотоод хэргийн яам, ГХУСАЗЗ, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон ажлуудыг тасралтгүй зохион байгуулж байна. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр “Хайрла, хамгаал”, хоёрдугаар сард хүүхдийг архины хор хөнөөлөөс сэргийлэх чиглэлээр “Хуулиа мөрдье-21” аян, гуравдугаар сард хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд хамгаалал”, тавдугаар сард “Бяцхан зорчигч” аян, арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулан ажилласан.
Үүний үр дүнд эхний таван сарын байдлаар хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үеэс 15.7, холбогдсон хүүхдийн тоо 35.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан. Түүнчлэн арга хэмжээний хүрээнд хүүхэд, залуучуудын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль сурталчлах, аливаа гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх арга зам, гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг таниулах зорилготой богино хэмжээний видео, аннимэйшн бүтээж нийтийн цахим сүлжээ, телевизээр нийтийн хүртээл болгосон нь давхардсан тоогоор 11 сая орчим хүнд хүрчээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах заалтыг үндэслэн аж ахуйн нэгж байгууллагад гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар тогтмол мэдэгдэл, шаардлагыг хүргүүлэн ажиллаж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хуульд зааснаар бүх байгууллага, аж ахуйн нэгж иргэд, өөр өөрсдийнхөө хэмжээнд хэрэгжүүлэх үүрэгтэй. Тухайлбал: Аливаа байгууллагад хүүхдийн тоглоомын талбай байлаа гэхэд хүүхдийн аюулгүй байдлыг хангасан, тоглоомын хэрэгслүүд нь хүүхдэд золгүй байдлаар амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд нь хохирол учруулахгүй байхуйц нөхцөл байдлыг бүрдүүлсэн, аливаа эрсдэлийг тооцоолсон байх ёстой үүнийг хуульчилж өгсөн шүү дээ.