Баяр ёслолын үеэр хөл хөдөлгөөн ихтэй газруудад хүнсний бүтээгдэхүүн ил, задгай худалдах тохиолдол олон. Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдүүдээ баярлуулах нэрийдлээр элдэв чихэр жимс, амттанаар угждаг муу зантай. Ямар нэг “но”-той хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс хордлого авч, эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо баярын өдрүүдэд эрс нэмэгддэгийг ч эмч, мэргэжилтнүүд хэлж буй.
Үүүнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн мэргэжилтнүүд эцэг, эхчүүдийг маргааш болох Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр сонор, сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Тэд хүүхэд багачуудын баярыг угтан энэ сарын 7-ноос томоохон зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдэд хүнсний аюулгүй байдлын шалгалт хийхдээ шошгын шаардлага хангаагүй 5.5 сая, хадгалах горим зөрчсөн болон хугацаа нь дууссан 260 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч, заримыг нь устгасан байна.
Хүүхдэдээ бэлэг болон хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо юуг анхаарах ёстой вэ. Мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэе.
- Жимсний гэх тодотголтой ундаа, жүүс сонгохоос татгалзаарай. Дундаж хэмжээний жүүсэнд гэхэд 50-80 гр элсэн чихэр агуулагддаг бөгөөд энэ нь шүд өвтгөх, харшил сэдрээх нөлөөтэй, цаашлаад зүрх, судас, бөөрний өвчний үндэс болдог байна.
- Амархан мууддаг, хадгалалтын нарийн горимтой бүтээгдэхүүн багтаасан бэлэг сонгохгүй байх. Тухайлбал, бүржмэл чихэр, кремтэй нарийн боов, бялуу зэрэг нь богино “настай” ийм төрлийн бүтээгдэхүүнүүдээс хамгийн гүйлгээтэйд тооцогддог аж.
- Гадаа ил, задгай худалдаж буй хиам, зайдас, өндөг, бургер зэргийг бүү аваарай. Энэ төрлийн бүтээгдэхүүн түргэн мууддаг, хөргөгчний хэмд хадгалахад тохиромжтой учир нар, салхинд 4-5 цаг байлгахад л хор болж хувирдаг гэнэ.
- Хямдрал нэрийн дор худалдаж буй, эсвэл бэлгэнд боосон бүтээгдэхүүнийг хүмүүс тэр бүр шинждэггүй. Тэгвэл ийм бүтээгдэхүүнүүд хамгийн аюултай, сэжигтэй гэнэ. Тиймээс үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг нэгбүрчлэн харахыг зөвлөв.
- Төрөл бүрийн хуванцар тоглоом хүүхдэд өгөхөө болих хэрэгтэй гэв. Учир нь энэ төрлийн эд бат бөх учраас таны хүүхдийн дэргэд хэр удаан байна, тэр хэмжээгээр хордуулах эрсдэлтэй аж.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин