Зам тээврийн осол, хэргийн судалгаанаас харахад таван аймагт 2017 онд зам тээврийн ослын улмаас 50 хүний амь нас хохирсон нь нийт амь насааа алдсан хүний 10 хувийг эзэлж байна. Хүний амь нас хохирсон ослыг байршлаар нь авч үзвэл Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Завхан аймгийн Алдархаан сум, Ховд аймгийн Жаргалант сум, Увс аймгийн Улаангом сумдад дийлэнх хувь нь үйлдэгдэж, “Хар цэг”-ээр бүртгэгдээд буй.
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги /2012-2020/”-ийг хэрэгжүүлэх, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах зорилгоор баруун бүсийн буюу Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн хэмжээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” зөвлөгөөнийг Ховд аймгийн Ховд хотноо өнөөдөр зохион байгууллаа.
Цаашид Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөж байгаа юм. Осол, хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг уулзвар, замуудад хурд сааруулагч болон хурд хэмжигч, хяналтын камерыг нэмэгдүүлэх, цацруулагч бүхий самбарууд байрлуулах зэрэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан явган хүний гарцын орчимд болон гэрлэн дохионд дуут дохиог бий болгох, Улсын чанартай автозамуудад байнгын үйл ажиллагаатай хяналтын пост байгуулж, байнгын хяналттай болгох, Улсын чанартай автозам дагуу жолоочийн амралтын байр байгуулах зэрэг 30 орчим төрлийн ажил, арга хэмжээг 2018-2020 онд хийж хэрэгжүүлэхээр “Зөвлөмж” батлав.
Замын цагдаагийн албанаас санаачлан зохион байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах юм.
Эх сурвалж: ЗЦА