ӨНГӨРСӨН: УРАГШЛАВ УУ, УХРАВ УУ
УИХ, орон нутгийн сонгуульд дараалан ялагдсанаасаа хойш АН-ынхан ялагдлынхаа буруутныг удирдлагаасаа хайж, намаа шинэчилнэ гэж баахан давхисан. Эрх баригч хүчнээс гудамжинд гартлаа “өшиглүүлэх” болсон шалтгаанаа олж, түүнийгээ засаж залруулахаар бишгүй ярилцсан билээ.
Үүнийхээ хүчинд “Эв нэгдэлгүй, фракцын зөрчлөө шийдэж чаддаггүй, бүлэглэлд хуваагдсан нөхдийн хувийн тоглолт, улс орны бус, бүлэглэлийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг эрээ цээргүй байдал, өнгөрсөн дөрвөн жилд бодлогын нам биш, фракцын нэгдэл төдий бүтэц гэдгээ хангалттай нотолсон нь энэ ялагдлын шалтгаан” гэж дээр, дооргүй хүлээн зөвшөөрсөн нь тэдний хувьд дэвшил байв.
Жил гаруй үргэлжилсэн шат шатны хурал, элдэв сунгаа, дотоод сонгууль үр дүнтэй байгаасай, АН бүлэглэлүүдийн нэгдэл төдий бүтэц, тэднийг албан тушаалд хүргэдэг шат, гишгүүр бус, нам шиг нам болоосой, лидерүүд нь хагарал, тэмцлээсээ ангижирч, нэг талдаа гараасай гэж гишүүд, дэмжигчид нь хүлээж байлаа. Харин бодит байдал, хүлээлт хоёр нийцсэн үү. Үүнд тус намын гишүүд, дэмжигчид янз бүрээр л хариулдаг. Тэдний олонх нь “АН-ын шинэчлэл хэлбэрийн төдий байлаа. Үзэл санааны хувьд өмнөхөөсөө ч ухарсан” гэцгээх нь юуных вэ.
ОДОО: АЛААГҮЙ БААВГАЙН АРЬСЫГ АРАВ ХУВААЖ СУУНА
Он дамжин үргэлжилсэн олон сонгууль, одоо ч дуусаагүй гэх сунжирсан шинэчлэл АН-д юу авчрав. Өөр, өөрийн эрх ашигтай, тус, тусын зорилготой фракцууд АН-ын хамгийн том зовлон, толгойны өвчин гэдгийг өнгөрсөн хугацаа, ялангуяа засгийн эрх барьсан дөрвөн жил нь хангалттай харуулсан. Тиймээс ч АН УИХ-ын ээлжит сонгуульд санаанд оромгүй ялагдал хүлээсэн. Гишүүд, дэмжигчид нь уг ялагдлаар далимдуулан фракцуудаа цэгцэлж, намаа нэгэн цул болгож авахыг хүсэж буйгаа шинэчлэлийн тухай ярьж эхлэх үеэс илэрхийлсэн билээ.
Гэвч АН дахь фракцууд нь нийгмийн хүлээлт, захиалга, гишүүдийнх нь уриалга, тэр ч бүү хэл эрх баригчаас хэн ч биш болгосон ялагдал нь ч задалж чадахааргүй амь бөхтэй аж. Урт удаан хугацааны шинэчлэлийн үйл явц, дүрмийн өөрчлөлтийн дараа аман дээрээ фракцгүй болсон гэх хэрнээ ачир дээрээ тал тал тийшээ хараад суучихсан хэвээр л дуулдана. Бүр задралын ирмэгт буй гээд хэлчихэд ч хэтийдэхээргүй байгаа сурагтай.
…Фракцгүй нам болгоно гэчихээд “Шонхор”-оо тойглон, хүчийг нь зузаатгаж буй намын даргатайгаа дотносон, ээнэгшиж чадахгүй, үг, үйлдлийг нь сонжин, анхааралтай ажиглаж суугаа хүн АН-д олон бий. Ялангуяа өөрийн гэсэн орон зайг улс төрд бий болгосон лидерүүд нь яавал ч яахад бэлэн байгаа гэлцэнэ. Нэг хэсэг нь “Шонхор”-т зүгээр л зайгаа тавиад өгчихгүй, “базалт”-ыг нь эсэргүүцэхүйц хүчтэй болохын тулд фракцуудаа нэгтгэх хэрэгтэй хэмээн ярилцаж буй бол нөгөө нь Монголын улс төрд бий болоод удаж буй шинэ, цэвэр улс төрийн хүчний орон зайг “онилж” суугаа. Зарим нэг нь бүр шинэ нам байгуулах ажлаа эхлүүлчихсэн яваа…
АН өдгөө “Шонхор” фракцын “савар”-т байгаа. Намын дарга солигдох үед “С.Эрдэнэ бол З.Энхболдын томруулсан хувилбар. Энэ хоёрт ямар ч ялгаа байхгүй. Тэд нэг эрх ашиг, нэг зорилготой, “Шонхор” хэмээх нэг дээвэртэй. Тийм ч учраас З.Энхболд өөрийгөө залгамжлуулан С.Эрдэнийг намын дарга болгохоор бүх талаар дэмжсэн. Намын даргын нэр солигдож буйгаас өөр юу ч өөрчлөгдөхгүй” гэцгээж байсан. Цаг хугацаа ч үүнийг баталж байх шиг.
Гудамжинд байгаа энэ жилүүдэд АН-ынхан эгнээнээсээ сонгогдсон Ерөнхийлөгчийн нөмөр нөөлөгт дулдуйдаж, түүнийг тойрон бөөгнөрч байна. Ерөнхийдөө намын дарга С.Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар хавсран улс төр хийж, тэдний хамтарсан тоглолт л илүү тод харагдах боллоо. Ингэж харагдаж байгаатайгаа адил намынхаа бүтцийн байгууллагуудад “Шонхор”-ынхоо саврыг улам бат, гүн шигтгэж байгаа нь саяхан болсон Үндэсний бодлогын хорооны дотоод сонгуулиас харагдсан.
Уг сонгуулиар Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Баабар, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Да.Ганболд, “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяр, Сангийн сайд асан Б.Болор тэргүүтэй 116 хүнийг Үндэсний бодлогын хорооноос хассан юм. Тэдний оронд “Шонхор”-ын голдуу хүмүүсийг оруулсан гэсэн хэл ам ч гарсан.
Ямар ч байлаа энэ бүхэн санамсаргүй болчихсон зүйл биш байж таарна. Өөрсдөдөө “том” гэсэн тодотголыг хүчээр зүүсэн хоёр намд төрийн жолоог ээлжлэн атгуулсаар монголчууд 30 шахам жилийн нүүр үзэж байна. АН, МАН хоёр томдоо биш, төлөвшиж, тамиржсан өөр улс төрийн хүчин байхгүйд үүний шалтгаан оршдог. Олон жил явж ирсэн зүй тогтлоороо ирэх сонгууль АН-д ээлтэй байна, олонх болно гэдэгтээ тус намын гишүүд тун итгэлтэй байгаа бөгөөд тэд ирээдүйн ялалтаа төсөөлөлдөө тэмдэглээд, албан тушаалаа аль хэдийнэ хуваачихсан.
Түүнийгээ булаацалдан зодолдоод эхэлчихсэн нь эндээс харагдана. Тэр ч бүү хэл, С.Баярцогтыг намаасаа хөөж, Ч.Сайханбилэг тэр хоёрыг барьж, хорьсон нь ч үүнтэй холбоотой хэмээн хардаж буй хүнтэй таарсан. Нэрээ хэлэхийг хүсээгүй, мэдээлэлд ойр уг эх сурвалж “Ирэх сонгуульд АН яллаа гэхэд С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар Ерөнхий сайдад зайлшгүй яригдах лидерүүд.
Тиймээс дараагийн удаа гүйцэтгэх засгийг тэргүүлэх мөрөөдөлдөө умбаж буй З.Энхболд тэргүүтнүүд тэднийг замаасаа зайлуулах, үүнийгээ “Оффшор, авлигатай тэмцэх” гэсэн сайхан үгээр халхалж, олон нийтэд таалагдан, нэг сумаар хоёр туулай буудах зорилготой” гэж харж буй гэсэн. Энэ мэтчилэн ирээдүйн ялалт хийгээд хаших албан тушаалынхаа талаар тус тусын бодолтой хүн АН-д олон байгаа гэнэ билээ.
ИРЭЭДҮЙ: ТЭСЭХ ҮҮ, ТЭРСЭХ ҮҮ
Фракцгүй нам болгоно гэчихээд “Шонхор”-оо тойглон, хүчийг нь зузаатгаж буй намын даргатайгаа дотносон, ээнэгшиж чадахгүй, үг, үйлдлийг нь сонжин, анхааралтай ажиглаж суугаа хүн АН-д олон бий. Ялангуяа өөрийн гэсэн орон зайг улс төрд бий болгосон лидерүүд нь яавал ч яахад бэлэн байгаа гэлцэнэ.
Нэг хэсэг нь “Шонхор”-т зүгээр л зайгаа тавиад өгчихгүй, “базалт”-ыг нь эсэргүүцэхүйц хүчтэй болохын тулд фракцуудаа нэгтгэх хэрэгтэй хэмээн ярилцаж буй бол нөгөө нь Монголын улс төрд бий болоод удаж буй шинэ, цэвэр улс төрийн хүчний орон зайг “онилж” суугаа. Зарим нэг нь бүр шинэ нам байгуулах ажлаа эхлүүлчихсэн яваа.
Мөн Ерөнхийлөгчөөр найман жил ажиллаж, бүрэн эрхийн хугацаагаа дуусгаснаас хойш олны өмнө гаралгүй ажин түжин амьдарч буй Ц.Элбэгдорж улс төрийн карьераа дуусгах бодолгүй байгаа бөгөөд намынхаа үйл ажиллагаанд оролцохоор боломж сиймхийг анаж суугаа. Харин МҮДН угшилтнууд, Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас”-ынхан түүнтэй нэг дээвэр доор амьдарч чадахгүйгээ илэрхийлээд буй гэлцэнэ. Ц.Элбэгдоржийг намдаа оруулах орон зай гаргавал тэд явна хэмээцгээсэн сурагтай.
Энэ мэтчилэн намаас гарах, шинэ нам байгуулахаар намын удирдлагаа сүрдүүлсэн сураг нэг биш сонсогдож байна. Харин С.Эрдэнэ юу бодож суугаа юм, бүү мэд. Тэр намын даргын суудалд очоод удаагүй байхдаа “Намын лидерүүд намаас гарах ч юм уу, өөр нам байгуулах тухай яривал та тэднийг ятгаж, хориглох уу” гэсэн асуултад минь “Би хүмүүсийн шийдвэрийг хүндэтгэнэ. Хүнд тэг, ингэ гэж тулгах, зөвлөх эрх надад байхгүй. Тэгээд ч улс төрийн намд нэгдэх, эсэх нь хүний өөрийн сонголт. Би нэг зүйлд хатуу итгэдэг. АН шиг үндэсний хэмжээний намаас салах улстөрч байхгүй байх. АН-ын гишүүд салж, нийлэхийн алдаа, оноо, жаргал, зовлонг ханатлаа амссан. Бид хамтдаа байж л амжилтад хүрдэг болохоос салж давхиад сайн зүйлд хүрсэн түүх байхгүй. Том модноос салсан навч шарладаг гэдэг. Тэгэхээр АН хэмээх том модноос салах хүн гарахгүй болов уу л гэж найдаж байна” хэмээн хариулсан юм даг. Энэ бодол нь хэвээрээ болов уу.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин