Нью-Йорк мужид Салливан хэмээх хатуу чанга дэглэмтэй шорон байдаг. Тэнд америкийн хамгийн хэрцгий, балмад гэмт хэрэгтнүүд хоригддог. Тэдний дунд Артур Шоукросс гэх 11 эмэгтэйг алж, 250 жилийн хоригдох ял авсан хижээл насны нэгэн эр бий.
Түүний үйлдсэн хэргүүд “Чухам юу хүнийг ийм хэрцгий үйлдэл хийхэд хүргэдэг юм бол. Ер нь хорон муу гэдэг нь юу юм бэ” гэсэн асуултыг тавихад өөрийн эрхгүй хүргэх аж. Америкийн “Shadow” сэтгүүлийн сурвалжлагч энэ асуултанд хариулт авах зорилгоор Артур Шоукросстай ярилцлага хийжээ.
Сурв. -Та яаж яваад ийм аймшигтай алуурчин болчихдог байна аа?
А.Шоукросс(А.Ш.)-Хорон муу гэдэг зүйлд буртаглагдаагүй хүн үүнийг мэдэхгүй л дээ.
Сурв. -Тэгвэл та мэдэх үү?
А.Ш.- Тэгэлгүй яах вэ
Сурв. – Та хорон муу хүн үү?
А.Ш- Зарим төрөлөөрөө тийм.
Рочестер хот бол Канадын хилээс холгүй оршдог ердөө сая орчим хүн амтай жижигхэн хот. Жирийн л нэг хот. Гэхдээ эл хот өөрийн бараан талтай аж. Лаел өргөн чөлөө гэсэн нэртэй хоёр км үргэлжлэх энэ гудамж Рочестер хотын хамгийн ядуу, дорой дүүрэгт оршдог. Ийм газар “улаан дэнлүүний” хороолол байх нь ойлгомжтой.
1988 оны гуравдугаар сараас эхлээд эл гудамжнаас эмэгтэй хүмүүс алга болж эхлэв. 27 настай Д.Блакберн биеэ үнэлэгч байж. Гурван хүүхдийн ээж байсан түүний цогцсыг хотын дундуур урсдаг Женнеси голын ёроолоос олсон байна. Түүнийг хүчиндээд дараа нь хоолойг нь боож алсан байв. Зургадугаар сард 27 настай хар тамхичин Э.Стэффани гэгч ор сураггүй алга болов. Түүний ялзарч муудсан цогцос мөн л дээрх голын эргээс олджээ.
Сурв. -Та Э.Стэффанитэй яаж учирснаа санаж байна уу?
А.Шоукросс-Лаел өргөн чөлөөн дэх дэлгүүрийн үүдэнд уулзсан шиг санагдаж байна.
Сурв. -Яаж алснаа санаж байна уу?
А.Шоукросс- Санаж байна аа. Гэхдээ дэлгэрэнгүй яриад хэрэггүй биз.
Сурв. – Тиймээ. Гэхдээ та яаж түүнийг алсан юм?
А.Шоукросс- Багалзуурдаж алсан байх.
Сурв.-Хохирогч нар чинь үхсэн гэдгийг та яаж тодорхойлдог байсан юм бэ?
А.Шоукросс – Мэдэхгүй ээ. Зүгээр л мэдэрдэг байсан. Бие нь сулраад эсэргүүцэхээ болиод ирэхэд нь…дөрөв, таван минут л болдог юм даа. Заримдаа түүнээс ч бага.
Артур Шоукроссыг эргэн тойрных нь жирийн л нэг хүн гэж боддог байж. Тэрбээр Александрын гудамжин дахь байрандаа дөрөв дэхь эхнэрийн хамт амьдардаг байв. Цагаан идээний үйлдвэрт шөнийн ээлжинд ажиллаж, өдөр нь чөлөөт цагаараа загасчлах дуртай аж. Тэрбээр эхнэртэй хэрнээ нууц амрагтай байв. Түүнээс гадна Лаел өргөн чөлөөний улаан дэнлүүний гудамжаар байнга зочилдог нэгэн байжээ.
Сурв. -Та нууц амрагтай, бас биеэ үнэлэгчидтэй байнга уулздаг байсан?
А.Ш. – Би өөрийнхөө хүссэнээр л амьдарч байсан.
Шоукросс бараг бүтэн жил аллага үйлдээгүй аж. Гэсэн ч 1989 оны долдугаар сард цагдаагийхан Д.Хиллер гэдэг орон гэргүй хижээл насны эмэгтэйн цогцсыг олжээ. Цогцос ч гэж хэлхээтэй хэдэн яс л үлдэж. Тиймээс хохирогч хэдийд нас барсныг тодорхой тогтоох боломгүй аж.
А.Ш- Хиллер миний байранд амьдардаг байсан юм.
Сурв -Тэр таны найз байсан юм уу?
А.Ш- Миний эд зүйлийг хулгай хийх хүртлээ найз байсан. “Чи яагаад хулгай хийгээд байгаа юм” гэж асуухад тэрбээр “Мөнгө хэрэгтэй байна” гэсэн. Хиллерт би уг нь гэр цэвэрлэсний хөлс гэж өдөрт 4,25 $ өгдөг байсан шүү дээ.
Сурв. -Таныг шулж байсан байх нь ээ.
А.Ш.- Тийм.
Сурв. -Гэхдээ энэ түүнийг алах шалтгаан мөн гэж үү?
А.Ш.-Миний хувьд бол мөн.
А.Шоукросс Д.Хиллерийг зүгээр нэг алчихсангүй. Тэрбээр аймшигт аллагаа үйлдсэний дараа амьгүй болсон биеийг харах гэж хэргийн газар дахин дахин эргэн ирж байж. Хамгийн сүүлд ирэхдээ цогцосны толгойг салгаад ус руу чулуудчихсан аж.
Сурв. – Та хүн алчихаад дараа нь цогцос дээр нь эргэж ирж байсан?
А.Ш.- Ул мөрөө баллах гэж л ирсэн юм.
Сурв – Гэхдээ Хиллерын толгой нь байхгүй байсан шүү дээ. Яагаад толгой нь алга болчихсон юм?
А.Ш-Би зүгээр л сугалаад авчихсан юм. Тэртээ тэргүй толгой нь өөрөө салчихсан шахуу байсан даа.
Аравдугаар сарын сүүлээр П.Аирс гэдэг бүсгүй боож алуулсан байдалтай олджээ. Дөрвөн долоо хоногийн дараа өөр нэг аймшигт аллага болов. Мөрдөгчид олон жил тэр нэгэн хохирогч бүсгүйг мартаж чадаагүй гэдэг.
Ж.Сто биеэ үнэлэгч ч биш, хар тамхичин ч байгаагүй. Зүгээр л оюун ухааны бага зэрэг сааталттай хүн байжээ. Түрүүлгээ харан хэвтэх түүний цогцсыг дээш харуулахад бүсгүйн гэдсийг хүүлж орхисон байв. Энэ үйлдлээ гэмт этгээд хохирогчийг алсан хойноо эргэж ирж хийсэн байна гэсэн дүгнэлт гарч.
Хотын иргэд айдаст автсан байлаа. Мөрдөгчдөд ямар нэгэн сэжүүр, олигтой нотлох баримт олдохгүй байв. Рочестер хотод цуврал алуурчин бий болсон нь ойлгомжтой байлаа. Тэр алуурчин улам идэвхжин, үйлдэл нь улам бүр харгис болж байгаа нь илт.
Хохирогчдын ихэнх нь биеэ үнэлэгчид байсан тул Лаел өргөн чөлөөний эл мэргэжлийн бүсгүйчүүд бүгд айдаст автсан байлаа. Гэсэн хэдий ч алуурчин тэднийг онилж чадаад байв.
Тэгэхээр гэмт этгээд байнгын үйлчлүүлэгч бөгөөд бүгд түүнийг таньдаг байх нь. Энгийн хувцас өмссөн цагдаа нар Лаел өргөн чөлөөнд бие үнэлэгчдийн зуучлагч, эсвэл шөнийн цэнгээний газрын хамгаалагчдийн дүрд хувилан байнга жижүүрлэж эхлэв.. Харамсалтай нь тэдний хамар дороос л эмэгтэйчүүд алга болоод байв.
А.Ш.- Гялалзтал тосолсон гуталтай, сайхан хувцасласан чиний хажууд нэг залуу ирж суугаад эргэн тойрондох нөхцөл байдлын тухай ярьж, бүх урхинуудийг дэлгэж орхидог юм байна. Миний инээд хүрсэн гэж яана. Тэр залуу намайг хэн гэдгийг мэдэхгүй, өөрийн адил цагдаатай ярьж байна л гэж бодсон.
Гэмт этгээд цагдаа нарын цугларч ажил байдлын талаараа хэлэцэнгээ цайлдаг байсан түргэн хоолны газар санаандгүй явж орсон нь хожим мэдэгдэх болно. Харин А.Шоукросс өөрийн хэвийн амьдралаар амьдарсаар байв. Түүнийг ажлаа хийж, гэртээ эхнэртэйгээ амрахын хажуугаар бүсгүйчүүд алга болсоор. Арванхоёрдугаар сард Лаел өргөн чөлөөний хамгийн алдартай, царайлаг биеэ үнэлэгч Ж.Цицеро алга болжээ. Гудамжны хатан хаан байсан түүнийг бүгд мэддэг байв.
Сурв. – Ж.Цицеро яаж нас барсан бэ?
А.Ш- Би түүнийг зүүн гараараа багалзуурдаж алсан.
Сурв. – Бурхан минь та бүгдийг нэг гараараа боож алдаг байсан юм уу?
А.Ш.- Яг энэ төвөнх дээр нь дардаг юм (гээд үзүүлэв)
Цицероныг цагдаа нар өөр нэгэн сураггүй болсон эмэгтэйг хайн, ойн суулгацыг нисдэг тэргээр самнаж байхдаа санаандгүй олсон байдаг. Хөөрхий эмэгтэйн цогцос голын мөстэй цуг барьцалдан хөлдсөн байхыг олж харжээ. Харин гүүрэн дээр нэг сэжиг бүхий машин зогсож байв. Нисдэг тэрэг ойртоход тэр машин байрнаасаа хөдлөн хотын зүг хурдалсан байна. Мөрдөгчид машиныг дагахаар шийдэж.
А.Ш.- Би Спэнсерфорд руу явж байсан юм. Нисдэг тэрэг миний дээгүүр л нисээд байсан. Юу болоод байгааг би сайн ойлгоогүй л дээ.
Сурв. -Таны машин Цицерогийн цогцноос холгүй зогсож байсан гэдэг?
А.Ш.- Яг миний доор байсан гэнэ лээ. Би хийсэн зүйлийнхээ тухай тэмдэглэл хөтөлдөггүй байсан болохоор түүнийг тэнд байгаа гэдгийг бүр мартчихсан байсан.
Ж.Цицерогийн цогцсыг мөснөөс салгаж байх хооронд сэжигтэй машины жолоочийг цагдаагийн хэлтэст аваачин байцаалт авчээ. Цагдаа нар түүний овог нэрийг бүртгэлийн системд оруулахад 20 жилийн өмнө хоёр ч аллагад холбогдсон гайхалтай намтар гарч ирэх нь тэр.
1972 оны тавдугаар сард Шоукроссын төрж өссөн Уртэртаун хотод найман настай К.Хилл охин сураггүй алга болжээ. Охиныг усанд живсэн байж магадгүй гэж үзсэн цагдаагийхан голын эрэг орчмоор хайгуул хийтэл бяцхан охины биеийг чулуугаар даруулан нуусан байхыг олжээ.
Хөөрхий охины аманд битүү шороо чихсэн байв. Эрч нохой хэргийн газраас үнэр аван Кловер гудамжны нэгэн байшингийн үүдэнд иртэл 27 настай Артур Шоукроссынх байв. Байцаалтын гурав дахь өдөр сэжигтэн “Би үүнийг хийсэн байж магадагүй” гэж хэргээ хагас дутуу хүлээжээ.
Сурв. -Бяцхан Хиллыг та яасан бэ?
А.Ш. -Энэ тухай би ярихгүй гэж урьдчилан сануулсан учир ахиж надад энэ асуултыг битгий тавиарай.
К.Хилээс гадна Уотэртаунд 10 настай Д.Блэк гэдэг хүү алга болоод удсан байв. Шоукросс тэр хүүтэй цуг хэд хэдэн удаа загасанд явсан байдаг. Мөрдөгчид эл хэрэгт Шоукроссыг сэжиглэж байжээ. Д.Блэкийн хэргийг Шоукросс огт хүлээхгүй байсан тул цагдаагийхан түүнтэй наймалцахаар шийдэв.
Д.Блэкийн талаар үнэнээ хэлсэн тохиолдолд К.Хилл охиныг алсан ялыг хөнгөрүүлж өгнө гэсэн наймаа байж. Маргааш нь гэхэд хүүгийн цогцсыг алуурчны зааж өгснөөр төмөр замын дагуух ойн суулгацаас олжээ. Хэлэлцсний дагуу гэмт этгээдийг Д.Блэкийн хэрэгт буруутгалгүй, зөвхөн К.Хилл охиныг алсан хэрэгт л ял тулгажээ.
Түүнийг чанга дэглэмтэй шоронд 25 жил хорих шүүхийн шийдвэр гарсан ч 15 жилийн дараа сулласан байна. Хугацаанаас нь өмнө сулласан үндэслэл нь гэмт этгээд ахиж хүн алахгүй гэсэн амлалт өгсөн байлаа. Хэрэв Шоукросс эдлэх ёстой ялаа бүрэн эдэлсэн бол Рочестер хотод ийм эмгэнэлтэй хэрэг гарахгүй байсан нь ойлгомжтой.
Ингээд мөрдөгчид хэрэгтэй хүнээ барьсан гэдэгт итгэлтэй байв. Харин яаж хэргийг нь хүлээлгэх вэ гэдэг асуудал үлдээд байв. Гэтэл Шоукросс хэргээ нэг өдрийн дараа л хүлээсэн байна.
Сурв. – Та яагаад бүх хэргийг хүлээсэн юм?
А.Ш.- 15,16 цагийн байцаалтын дараа би зүгээр л ядарсан. Дээрээс нь бүх зүйлийг дотроо тээж явах чадал үгүй болсон гэх үү дээ.
Артур Шоукросс 11 эмэгтэйг алсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Үүнд хэн ч эргэлзээгүй аж. Харин яагаад гэдэг асуулт онгорхой хэвээр үлдсээр. А.Шоукроссын өмлөөллийн баг түүний сэтгэц эрүүл биш гэдэг дээр гол анхаарлаа төвлөрүүлж байлаа.
Нэрд гарсан мэдрэлийн эмч Ж.Пикус олон цуврал алуурчдын тархийг судалж үзсэн бөгөөд хэт хэрцгий авир болон үйлдэл хийх нь тархины тодорхой хэсэг гэмтсэнтэй холбоотой гэсэн дүгнэлтэнд хүрсэн аж. Шоукроссын тархи ч ялгаагүй бусад цуврал алуурчдын тархины адил яг нэг тодорхой хэсэгтээ гэмтэл авсан байлаа.
Тархины гэмтэл нь дангаараа шийдвэрлэх шалтгаан болж чадахгүй тул Шоукроссыг Елийн Их сургуулийн профессор, сэтгэл судлаач Д.Люис үзсэн байна. “Судалгааны явцад бид Шоукросс бага насандаа бэлгийн аймшигтай хүчирхийлэлд автсан байсныг олж тогтоосон. Тэрбээр энэ тухайгаа ховсдолд орсон байхдаа ярьсан. Түүнийг төрсөн эх нь хүчирхийлдэг байж” гэж эрдэмтэн ярьсан байдаг.
Сурв. – Таныг ээж чинь яадаг байсан юм?
А.Ш.- Надтай аман секс хийдэг байсан. Намайг 14 нас хүрэхэд надтай бэлгийн харьцаанд орсон. Түүний дараа би гэрээсээ зугтсан. Дэрэн дээрээ “Канад явлаа” гэж бичээд зугтчихсан. Би гэртээ буцаж очмооргүй байсан.
Шоукроссын өмгөөллийн баг түүнийг хэргээ хүлээх чадваргүй гэдэг тал руу зүтгэж байсан бол мөрдөгчид эсэргээр нь түүнийг хийсэн үйлдэл болгоноо ухамсарлаж байсан гэж үзэж байлаа. Энэ хэргийг шалгаж байх үеэр ээж нь “Би хүүгээ гүйцэт хайрлаж чадаагүй байх. Гэхдээ түүний ярьж байгаа зүйлийг хийх нүгэлтэн би биш. Тэр яагаад ингэж яриад байгаа юм бол” гэжээ.
“Ээж миний шулуун гэдэс рүү өргөст хэмх чихдэг байсан” гэсэн түүний мэдүүлэгт мөрдөгчид “Энэ үйлдэл хүүхдийн биед ямар нэгэн ул мөр үлдээх ёстой. Гэтэл түүний эрүүл мэндийн түүхэнд энэ тухай ямар нэгэн тэмдэглэл байхгүй байна” гэжээ.
Сурв. -Танай ээж мэдүүлгийг чинь худлаа гэсэн байдаг?
А.Ш. – Хэн ч үнэн гэхгүй шүү дээ. Ийм балиар хэргээ хүлээн зөвшөөрсөн эмэгтэйг хүмүүс яахыг та ойлгож байгаа биз дээ.
Сурв. -Мөрдөгчид эрүүл мэндийн түүхийг чинь шалгасан байсан?
А.Ш.- Тэр үед ямар ч эрүүл мэндийн түүх хөтөлдөггүй байсан. Намайг хүчиндчихээд дараа нь эмч рүү дагуулаад явна гэж байх уу.
Хэргийг шүүж байх явцад өмгөөлөгчид Шоукроссын сэтгэцэд Вьетнамын дайн их нөлөөлсөн гэж зүтгэжээ.
Сурв. -Вьетнамд юу болсон юм бэ?
А.Ш.- Юм юм л болсон. Би тийшээ зэвсгийн мэргэжилтнээр явсан юм. Би ширэнг рүү дайсны талаар мэдээлэл олохоор ганцаараа явдаг байсан. Нэг удаа уулнаас дөрвөн буу үүрсэн эмэгтэй уруудаж явахтай таарсан юм. Би сэмхэн түүний араас гэтэж очоод сэлмээрээ толгойг нь хоёр цохиод тасдсан.
Их биенээс нь цус олгойдох дүр зураг одоо ч миний нүдэнд үзэгдсэн хэвээр. Нэг удаа хоёр амьд хэл барьчихаад мэдээлэл авах гэж нэгийг нь нөгөөгийнх нь нүдэн дээр алсан юм. Эхлээд биеийг нь дундуур нь хуваагаад Т-4 тэсрэх бөмбөг бялуу шиг энд тэнд нь зоон асаасан юм. Дараа нь цогцосны болсон махны хэсгээс амандаа хийгээд нөгөө олзлогдсон нөхөр рүү хартал тэрбээр шингэн өтгөндөө хутгалдчихсан байсан…
Шоукроссын энэ яриа их эргэлзээтэй аж. Мөрдөгчид түүний алба хааж байсан ангийн захирагчтай олж уулзтал Шоукросс хангамжийн мэргэжилтэн байсан бөгөөд ямар ч дайны даалгаварт явж байгаагүй нь тогтоогджээ.
Гурван долоо хоног үргэлжилсэн шүүх хурлаар өмгөөлөгчид Шоукросс нь хэргээ хүлээх чадваргүй гэж иргэдийн шүүгчдэд итгүүлж чадаагүй аж. 11 эмэгтэйн амь насыг бүрэлгэсэн хэргийнх нь төлөө Артур Шоукроссыг 250 жил шоронд хорих ял оноожээ.
Тэрбээр 18 жилийг онцгой чанга дэглэмтэй шоронд өнгөрөөгөөд одоо дээд зэргийн чанга дэглэмтэй шоронд сууж байгаа аж.
2001 онд түүний амьдралд нэгэн цочирдом зүйл болжээ. Тэрбээр 1960-аад онд Гавайн аралын нэгэн бүсгүйтэй дотносоод удалгүй салжээ. Харин энэ харилцаанаас нэгэн охин мэндэлснийг Шоукросс мэдээгүй аж.
Түүний охин болох М.Даунвилд эцгийгээ хэн болох хаана байгааг мэдээд уулзахаар шийджээ. Түүний нөхөр нь энэ шийдвэрээс нь болиулах гээд чадаагүй аж. Тэдний уулзалт сэтгэл догдлом болж өнгөрсөн гэдэг.
Сурв. – Та охиныхоо тухай юу гэж хэлэх вэ?
А.Ш.- Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Тэр дөнгөж саяхан бас ирээд явсан.
Сурв. -Та зээ нартаа хайртай юу
А.Ш. – Хачин их. Би тэдэнд байнга захиа бичдэг. Тэд надад хичээл дээрээ хийсэн зүйлүүдээ, бас өөрсдийнхөө фото зургуудийг явуулдаг. Тэднийг хараад би цаасан дээр зээ нараа зурдаг даа.
Сурв. -Миний асуулт балмад сонсогдож магадгүй. Гэхдээ хэрэв таны зээ нарыг хэн нэгэн хүчирхийлээд алсан бол та гэмт этгээдийг яах вэ.
А.Ш.- Тэр бол хуулийн байгууллагын асуудал.
Сурв. – Хүүхдүүдийнхээ тухайд бол
А.Ш. – Миний дотор тэр чигтээ хоосроно. Үнэн шүү.
Сурв.- Охин чинь таны хийсэн хэргийн тухай мэдэх үү?
А.Ш.- Тэрбээр бүхнийг мэдэж байгаа. Том болсон ач нар маань ч мэдэж байгаа. Харин арай багуудад нь хэлээд хэрэггүй гэж би сануулсан. Би охиндоо таны хэзээ ч олж мэдэхгүй зүйлийн тухай ч ярьсан.
Сурв. – Жишээ нь
А.Ш. – Рочестерээс өөр газар болсон зүйлийн тухай ч юм уу.
Сурв. – Уотэртаунд уу?
А.Ш.- Тиймээ.
Сурв. – Та тэр алсан хүмүүсийнхээ гэр бүлд аймшигтай уй гашуу авчирсан гэдгээ ухамсарладаг уу?
А.Ш. – Би гэмшдэггүй. Учир нь тэгэх шалтгаан бий.
Сурв. – Тэгсэн мөртлөө та охиндоо их хайртай юм.
А.Ш. – Тиймээ. Их сонин. Та миний ярианас ойлгосон үгүйг би мэдэхгүй. Миний дотор гэгээтэй бас харанхуй хоёр тал байдаг. Ер нь миний дотоод сэтгэл нэг л биш гэдгийг би өөрөө ч мэднэ. Миний дотор үргэлж нэг муу хүн байдаг. Түүнээс салах ямар ч аргагүй. Гэхдээ одоо би түүнийг нэг цоожны цаана барьдаг болоод байгаа. Би дахиж хэнд ч муу юм хиймээргүй байна.
Сурв. – Энэ үнэн үү?
А.Ш. – Тиймээ.
Сурв. – Сүүлийн асуулт. Та яагаад тэр хоёр бяцхан хүүхдийн талаар ярих дургүй юм бэ?
А.Ш. –Гүйцээ. Би танд сануулсан. Наад дуу хураагчаа унтраа.
Сурв. – Та ичээд ярихгүй байгаа юм биш үү?
А.Ш. – Гүйцээ. Би явлаа.
Хожим сурвалжлагч Шоукроссын охиноос Уотертаунд болсон хэргийн талаар асуухад тэрбээр “Энэ хэргийг би бурхантай л хэлэлцэнэ” гэж аав минь хэлсэн. Тэрүүгээр нь болог” хэмээн хариулсан аж.
Эх сурвалж:
1 comment
Iim gutamshigtai medeelel bitgii tavi.