Төрсөн хүүгээ 20 жил хорьсон эцгийг 36 цагийн дараа суллажээ

Японы иргэн 73 настай Ёшитанэ Ямасакиг төрсөн хүүгээ 20 гаруй жил торонд хорьсон хэрэгт буруутган баривчилсан ч 36 цагийн дараа явуулжээ.
Ямасаки сэтгэцийн өвчтэй хүүгээ гэрийн хажуу дахь нэг метр өндөртэй, хоёр метр өргөнтэй модон торонд хорьдог байсан байна. Үүнийг хотын захиргааны нэгэн ажилтан гэрт нь очихдоо анзаарч, цагдаад мэдэгдсэн аж. Тэрбээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ өвчин нь хүндэрч догшин авирладаг учраас хорьсон гэж тайлбарлажээ.
Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар Ямасаки хүүгээ 16 настайгаас нь хойш ингэж хорьж байгаа гэнэ. Тэр үед хүүгийн сэтгэцийн өвчин хүндэрч, догшин авирладаг болсон байна. Ёшитанэ Ямасакиг баривчилсны дараа 42 настай хүүг нь орон нутгийн удирдлагын хяналтад шилжүүлжээ.