Цагдаа нар нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг одоогоос хоёр жилийн өмнө Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт гарч байв. Цагдаагийн албан хаагч Б.Өлзийбуян нь 2015 оны аравдугаар сарын 9-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Горхи мэлхий хад” амралтын газарт хамт олноороо амарч байхдаа албан хаагч Х-г нэг удаа цохиж унагаснаас болж амь насанд нь хүрсэн юм. Талийгаач Х нь Б.Өлзийбуяны нүүр, толгой руу хэд хэдэн удаа цохисон ч Б.Өлзийбуяны нэг цохилт түүний аминд хүрсэн байдаг.
Түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, Б.Өлзийбуянг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Харин Улсын дээд шүүх уг хэргийг өчигдөр хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүх оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэсэн үндэслэлээр 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн атлаа 2002 оны Эрүүгийн хуульд заасан ялын хэмжээтэй дүйцэхүйц ял оногдуулж хууль буцаан хэрэглэх журмыг зөрчсөний дээр гэмт хэрэг гарахад хохирогч Х-ийн буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзээгүй нь буруу гэж дүгнээд Б.Өлзийбуянд оногдуулсан ялыг 9 жил хорих болгон өөрчилж шийдвэрлэжээ.