Хан-Уул дүүргийн иргэн Г.Дорждулам ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн фэйсбүүк хуудсаар дамжуулан талархал илэрхийлжээ. Тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид сураггүй болсон 12 настай хүүг нь шуурхай эрэн сурвалжилж олж өгсөн байна.
Хүүгийн ээж Г.Дорждулам “Цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар даргатай Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олон, тус хэлтсийн алба хаагч цагдаагийн ахмад н.Ганзориг, 15 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч н.Гансүх нарт талархсанаа илэрхийлье.
Манай 12 настай хүүг ор сураггүй алга болоход цагдаагийн байгууллагын тусламжтайгаар эрүүл саруул оллоо. Цагдаагийн сүр хүч, хүний төлөө гэсэн зүрх сэтгэлд нь чин сэтгэлээсээ талархаж байна. Монголын цагдаа иргэдийнхээ төлөө цохилох зүрхтэй байгаад мэхийн хүндэтгэе. Та бүхний амаргүй алба саадгүй байг” гэжээ.