Хонконгийн төвөөс дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг олдов

Хонконгийн аялал жуулчлалын дүүргээс дэлхийн хоёрдугаар дайны үеийн 450 кг жинтэй бөмбөг олдлоо. Энэ зэвсэг метроны нэг шугамын барилгын ажлын үеэр олдсон байна. Энэ бол өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд барилгын ажил хийж байх үед олдсон хоёр дахь бөмбөг гэнэ.
Цагдаа нар аюулгүйн үүднээс бөмбөг олдсон газраас хэдэн зуун метр радиусыг бүслэлтэд авч, ойролцоох байрны иргэдийг түр холдуулжээ. Түүнчлэн зам хааж, оффис, рестораны үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Бөмбөгийг гаргаж авахад нэг хоног орчмын хугацаа шаардагджээ. Учир нь бөмбөг нэлээд хэцүү газар байршилтай байсан бөгөөд өмнөхөн нь бороо орсноос болж саад учирчээ.
Хонконгийн их сургуулийн түүхчдийн үзсэнээр энэхүү бөмбөгийг америкчууд Японы хөлөг онгоцуудыг устгах ажиллагааныхаа үеэр хаясан гэнэ.