АНУ-ын Засгийн газар өнөөдрөөс эхлэн Ойрх Дорнод болон Хойд Африкийн найман улсаас өөрийн улс руу нисэх шууд нислэгийн зорчигчдод түр хугацаагаар зарим ачааг тээвэрлэхгүй байх хориг тавьжээ. Гар тээшинд үл зөвшөөрөгдсөн эд зүйлд зөөврийн компьютер, iPad, камер зэрэг электроник төхөөрөмж багтсан байна.
Хоригийн талаар албаныхан агаарын тээвэрлэгч “Royal Jordanian Airlines” компанид даваа гаригт анхлан мэдэгдсэн байна. АНУ яагаад ийм хориг тавьсан, хориг хэдий хугацаанд үйлчлэх болон ямар нисэх буудлууд хамрагдсан болохыг нийтэд зарлаагүй байгаа аж. Энэ талаар албаныхан мэдээлэл өгөхгүй байгаа ч ажиглагчид болзошгүй халдлагын тухай тагнуулын мэдээллээс шалтгаалсан шийдвэр гэж үзэж байгаа юм байна.