Энэ хавар зохион байгуулагдсан хурдан морины уралдаануудын үеэр 54 хүүхэд мориноос унаж, тэдний зургаа нь гэмтэл авсан золгүй хэрэг олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Тэгвэл дахин нэг хүүхэд мориноос унаж алтан амиа алдлаа. Энэ сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд нэгэн буддын сүмийн “Майдар эргэх ёслол” шашны зан үйлийг тохиолдуулан нутгийн иргэд хурдан морины уралдаан нууцаар зохион байгуулжээ. Энэ үеэр 11 настай П гэх хүүхэд мориноосоо унаж хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Харамсалтай нь гэмтлээ даалгүй өчигдөр (2017.03.21) хорвоог орхисон гэх мэдээллийг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын дарга О.Алтансүх хэллээ.
“Майдар эргэх ёслол”-ыг аймгийг Засаг даргын зөвшөөрөлгүйгээр иргэд, шашны байгууллагатай нийлэн нууцаар ийм уралдаан зохион байгуулсан аж. Энэ уралдаан нь нууцаар болсон учир аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар ямар нэгэн байдлаар уралдаан болохоос өмнөх хүүхдийн аюулгүй байдал, хамгааллын асуудалд хяналт тавих боломжгүй байсан юм байна.
О.Алтансүх даргын мэдээлж буйгаар Ховд аймгийн Засаг дарга энэхүү хууль бус уралдаан зохион байгуулсан байгууллага, хүмүүстэй хариуцлага тооцохоор болжээ.