2018-01-16 10:571min01

“Залуу насны дурсамж” дуу морин хуур наадамд өрсөлдөнө

yruu

Гавъяат жүжигчин Х.Болормаагийн дуулдаг “Санаснаар болдоггүй хорвоо” гэх мэт аялгуу сайтай хэдэн сайхан дуу бүтээсэн хөгжмийн зохиолч Цолмон “Залуу насны дурсамж” шүлгэнд ая хийж, энэ жилийн “Морин хуур” наадамд өрсөлдөхөөр болжээ. Үүнийг Чингисийн Жагаа дуулах юм байна. Аяыг нь урьдчилаад сонсож үзлээ. “Морин хуур”-т байр эзэлсэн эзлээгүй өөрөө аяндаа хит болчихоор аялгуу сайтай болжээ. Шүлгийг яруу найрагч Б.Ойдов бичжээ.

ЗАЛУУ НАСНЫ ДУРСАМЖ

Ээзгий хүлхэж, шээзгий
Үүрсэн балчир нас маань
Ээрэм талын тэртээд
Гүүргийн дуутай үлджээ хө…
Эсгий дугтарч, уурга
Даялсан хангал нас маань
Эмнэг догшин хүлгийн зоонд
Хийморийн цогтой үлджээ хө…

Булбарай бүсгүйд нууцгай
Дурласан танхил нас маань
Булаг шандны эхэн толионд
Хайрын галтай үлджээ хө…
Будан шилгээсэн бугын
Гуна шиг тэнхлүүн нас маань
Бусгай цалгиа хүлгийн зоонд
Найргийн дөлтэй үлджээ хө…

Зүйл зүйлээр тэгширсэн
Намбалаг тэнүүн нас маань
Зөөлөн үгээр хатууг
Уясаах чацтай үлджээ хө…
Зүлэгтэй, нартай хорвоод
Шүлэгтэй, дуутай явсных
Зөнгөөр мэлтрэх замбуулинг
Уяраах чадалтай үлджээ хө…

Залуу насны энэхүү бодролд хүч нэмэж, Америкт суугаа зураач Самбуугийн Тамир энэ зургийг нүүрсэн харандаагаар зурж илгээжээ.

Эх сурвалж: http://www.zugeer.mn/?p=22482