Япон Улсын Сендай хотноо 2015 онд зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн III бага хурлаас гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх дэлхийн хэмжээний 7 зорилт, үйл ажиллагааны 4 тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг дэлхийн 187 орон санал нэгтэй баталсан билээ.
Мөн 2016 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо хуралдсан Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлаар Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Азийн бүс нутагт 2016-2030 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан гаргасны зэрэгцээ Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг Монгол Улсын Улаанбаатар хотноо 2018 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү Азийн сайд нарын II бага хурлаар Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн эхний гурван жилийн үйл ажиллагаа, Азийн бүсийн төлөвлөгөөний эхний хоёр жилийн хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, Сендайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц дэвшлийг үнэлж дүгнэн 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээг тодотгон гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”-ыг гаргах юм.
Үүнтэй холбогдуулан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх стратеги” (2017-2030)-ийг боловсруулан Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.
Энэхүү стратегийг Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээр, Сендайн үйл ажиллагааны хүрээг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөө, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 зэрэг баримт бичгүүдтэй уялдуулан 2018-2030 он хүртэл хэрэгжүүлэхээр боловсруулсан юм.
Түүнчлэн Засгийн газар, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, иргэний нийгмийн, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, иргэд, олон нийт, олон улсын байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагаанд суурилж хэрэгжүүлнэ.
“Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх стратеги”-ийг баталж хэрэгжүүлсэнээр гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн мэдлэг ойлголт нэмэгдэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн тогтолцоо, эрх зүйн орчин боловсронгуй болох, гамшгийн мэдээллийн нэгдсэн сан бий болох, аймаг, нийслэл, сум, дүүрэг, мэргэжлийн байгууллагын гамшгаас хамгаалах чадавх бэхжиж гамшгийн эрсдэл буурах, ингэснээр улс орны тогтвортой хөгжлийг хангах нөхцөл бүрдэнэ.
Мөн 2018 онд Монгол Улсад зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын бэлтгэл ажлыг хангах, Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн III бага хурал, Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлаас Монгол Улсын хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.