Япон эзэн хаан Акихитогийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр өнөөдөр 84 насыг зооглож буй юм. Энэ өдөр эзэн хаандаа баяр хүргэж, хааныхаа мэндчилгээний үгийг сонсохоор 45 мянга гаруй хүн ордны үүдэнд цугларчээ.
“Өнөөдөр шиг ийм хүйтэн өдөр хар салхи, үерийн дараа хүнд нөхцөлд урьдын адил аж төрж байгаа, түүнчлэн Зүүн Японд болсон (2011 он) агуу их газар хөдлөлт шиг байгалийн гамшгийн нөхцөлд амьдарч байгаа хүмүүст санаа зовж байна. Энэ он удахгүй дуусах нь. Би бүх ард түмэндээ ирэх онд бага ч болтугай эв найрамдалтай байхыг хүсч байна” хэмээн эзэн хаан мэдэгджээ.
Энэ жил эзэн хааны ордны дэргэд хаандаа баяр хүргэхээр хамгийн олон хүн цугларчээ. 12 дугаар сард эзэн хааны гэр бүлийн асуудал эрхэлсэн хорооноос Акихито эзэн хааныг 04 дүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууж, 2019 оны 05 дугаар сарын 1-нд угсаа залгамжлагч нь хаан ширээнд залрах шийдвэр гаргасан билээ. Эзэн хааны гэр бүлийн асуудал эрхэлсэн хорооны хуралдааныг сүүлийн 25 жилд анх удаа хуралдуулсан.
Үүний дараа сайд нарын танхимаас энэ шийдвэрийг 12 дугаар сарын 8-нд баталж, эзэн хааныг амьд ахуйд угсаа залгамжлагчид хаан ширээ залгамжлуулж буй түүхэн анхны тохиолдол болжээ.
Эзэн хаан Акихито өнгөрсөн оны 08 дугаар сард ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ нас дээр гарч, үүргээ биелүүлэхэд хүндхэн болсон тул хаан ширээгээ угсаа залгамжлагчдаа залгуулж, үйл хэргээ хүлээлгэн өгөх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн билээ. Гэвч Эзэн хааны ордны тухай хууль, Үндсэн хуульд эрх барьж буй эзэн хаан таалал төгссөний дараа л угсаа залгамжлуулна гэж заасан байдаг.
Харин эрх зүй, түүх, соёлын салбаны шинжээчид 10 гаруй сар хэлэлцсэний эцэст онцгой хууль баталж, эзэн хааны хаан ширээг угсаа залгамжлагчид нь өгөхөөр болжээ.