Мексик Улсад зохиогдсон ПараПауэрлифтингийн 2017 оны ДАШТ-ий 107кг-ын жинд МУГТ Э.Содномпэлжээ 235 кг-ыг шахаж Ази тивийн рекордыг 1кг-аар ахиулан шинэчлэн тогтоож, мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл Орхон аймгийн засаг захиргаанаас түүний энэ амжилтыг үнэлж Баян-Өндөр хотхонд нэг өрөө байр олголоо. ПараПауэрлифтингийн 2017 оын ДАШТ-нд 71 улсын 1000 орчим тамирчин өрсөлдсөн. МУГТ Э.Содномпэлжээгийн оролцсон -107 кг-ын жинд 20 орны тамирчин оролцжээ.
Аймгийн Засаг дарга Д.Батлут МУГТ Э.Содномпэлжээд нэг өрөө байрны түлхүүр гардуулах үеэрээ “Орхон аймгийн уугуул хүүхэд энэ өндөр амжилтыг тогтмол үзүүлж байгаад баяртай байна. Цаашид бэлтгэл сургуулилтаа сайн базааж түмэн олноо баярлуулж яваарай” хэмээн захисан юм.
Түүний шинэчлэн тогтоосон ПараПауэрлифтингийн -107 кг-ын жинд Ази тивийн рекордыг Иран Улсын тамирчин эзэмшиж байсан гэнэ. Байрны түлхүүр гардуулах үеэр МУГТ Э.Содномпэлжээ хэлсэн үгэндээ “Нийт Эрдэнэтчүүдийнхээ хайр, итгэлийг хүлээж байгаадаа баяртай байна. Та бүгдийнхээ итгэлийг алдалгүй Улс, нутаг орныхоо нэрийг гаргахын төлөө хичээх болно” гэсэн юм.
МУГТ Э.Содномпэлжээ энэ онд олон улсын гурван тэмцээнд оролцож амжилт үзүүлээд байна. Тухайлбал, Энэ оны 2-р сард болсон ПараПауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль, 5-р сард ПараПауэрлифтингийн Европын дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль, энэ сард ПараПауэрлифтингийн 2017 оны ДАШТ-нээс ийнхүү мөнгөн медаль хүртсэн. Тэрээр ирэх оны 2-р сард Арабын нэгдсэн Эмират Улсад болох ПараПауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гаргаад байгаа юм байна. Цаашлаад 2020 оны Токиогийн олимпд амжилт гаргах зорилт тавьж байгаа гэнэ.