Саудын Араб улсад ирэх он жинхэнэ тэсрэлтийн жил байх болно. Гуравдугаар сард тус вант улсад сүүлийн 40 орчим жилд анх удаа кинотеатр нээгдэх гэж байгаа болохоор соёлын хувьсгал буюу “Арабын хавар” гэж хэлж болох юм.
Кинотеатруудын нээлт, сонгодог болон орчин үеийн хөгжмийн тоглолт зохион байгуулах, цэнгэлдэх хүрээлэн, парк зэргийг босгох нь Саудын Арабын зугаа цэнгэлийн орчин үеийн салбарт оруулж буй чиглэлүүд билээ. Дэлхийн олон оронд энгийн л зүйл мэт сонсогдох эдгээр газруудыг тус вант улс өнгөрсөн зууны 80-аад оны эхнээс л хоригложээ. Тус улсад олон хүний дэргэд дуулж, бүжиглэж, хөгжим сонсох хориотой.
Ийм хоригийн систем нь ваххабизм гэгч зүйлтэй холбоотой. Лалын хэт хатуу ёс суртахууны энэхүү номлолыг Саудын Арабын Вант улс хүлээн авсны илрэл юм. Энэ номлолыг дэмжигчид 1979 онд Меккад гарсан алан хядах ажиллагаанаас хойш улс орондоо ваххабизмыг дэлгэрүүлэх үйл хэргийг гардан удирдсан гэхэд болно. Тэр цагаас хойш хатуу тогтоосон дүрмийг зөрчсөн хэн ч гэмт хэрэг үйлдсэн тооцогддог байжээ. Энэ зааг хязгаараас давсан бүхнийг хатуу хорьж байсан юм.
Дуу хөгжмийн тухайд саудчууд иранчуудтай хөл нийлүүлэн алхжээ. Иранд 1979 онд исламын хувьсгалын дараа шийтүүдийн номлогчид бүхий л дуу хөгжмийг хориглож, зөвхөн цэргийн маршийг л үлдээжээ. Мэдээж цэргийн марш нь тэднийг хөгжөөхгүй, харин ч эсрэгээрээ хөдөлгөдөг юм. Үүнийг ч Саудын Араб адилхан дагаж эхэлсэн байна.
Хөгжилтэй нь энэ хоёр улс хамтдаа 1980-аад онд барууны зугаа цэнгэлийн нөлөөнөөс гарсан бол өдгөө хамтдаа ийм хоригоо цуцалж эхэлжээ. Саудчууд удахгүй кинотеатртай болно гээд алгаа үрэн баярлацгааж байх зуур иранчууд аль хэдийнэ амжуулж, удахгүй Германы “Schiller” хэмээх поп хамтлаг ирж тоглоно гэдгийг зарлалаа. Электрон поп урсгалын энэ хамтлаг нь 1979 оноос хойш Иранд тоглолтоор ирж буй барууны анхны хамтлаг болж байна.
Ерөнхийдөө Саудын Арабын нийгэм ирэх онд нэлээд хэдэн өөрчлөлттэй нүүр тулна. Нээгдэж амжаагүй кинотеатр, концертын заал, цэнгэлдэх хүрээлэн, музей, амралтын газар гээд бүхий л газар эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй орох боломж бүрдэж байна. Мөн эмэгтэйчүүд эрчүүдтэй адил жолооны ард суух эрхтэй болсон нь “Арабын хавар”-ын нэг хэсэг юм.
Харин тус вант улс хэр амжилттай, ямар нэгэн алдаа дутагдалгүйгээр орчин цагийн хүн төрөлхтний дүрэм журамд дасах бол. Үүнээс Арабын хойг дахь томоохон улсын цааашдын тогтвортой байдал хамаарна. Мөн Ойрхи Дорнод дахь алан хядах ажиллагаатай тэмцэх тэмцэл ч үүнд хамаатай. Хэрвээ Саудын засаг захиргаа алдаа гаргаж, иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх нөхцөлийг зөв бүрдүүлж чадахгүй бол энэ бүгдийг соёлын салбарын бус “мэргэжилтнүүд” хийх болно гэдгийг санах хэрэгтэй.
Ирэх оноос сауд бүсгүйчүүд мотоцикл унах эрхтэй болно.
1 comment
Нэг жишээ нь: улсын цааашдын