Сирийн дүрвэгчид гэхээр л очиж буй газартаа ачаа, хүсээгүй дарамт болсон хүмүүс гэж ойлгодог. Ялангуяа эрүүлийг хамгаалах системд тэднийг ачаалал үүрүүлж байна гэдэг. Үнэхээр дүрвэгчид очиж буй газартаа маш их асуудал үүсгэдэг ч анагаахын салбарт олон жилийн туршлага авч ирдэг, үүнийг нь зохих ёсоор ашиглавал бусад дүрвэгчдэдээ төдийгүй нийгэмд ашигтай гэдэг аж.
Дүрвэгчдийн хувьд хамгийн хэцүү асуудал нь эмч нар. Тэднийг хүлээн авч буй ихэнх оронд хэлний саад бэрхшээл, эмнэлгийн ажилтнууд хангалтгүйн улмаас нэлээд том асуудал өрнөдөг байна. Ялангуяа энэ асуудал Ойрхи Дорнод, Хойд Африк, Европ, Хойд Америкт очсон сиричүүдэд нэлээд хүнд тусдаг.
Гэхдээ дүрвэгч сиричүүдийн олонх нь дээд боловсролтой байдаг аж. Ажиллаж, хөдөлмөрлөж байсан эмнэлгийн байгууллагаасаа алслагдсан сири эмч нар ажилдаа ч эргэн очихыг хүсдэг. Тэгвэл тэднийг яагаад дайчилж болохгүй гэж?
Их Британид л гэхэд энэ асуудлыг шийдвэрлэхээр багагүй хүч зарцуулж эхэлжээ. Эрүүл мэндийн үндэсний алба, Британийн анагаахын нийгэмлэгээс Сири, Афганистанаас ирсэн дүрвэгч эмч нарыг бэлтгэж, Их Британийн эмнэлгүүдэд дутагдалтай байгаа орон тоог нөхөх ажиллагааг өрнүүлж байна. Ингээд Лондон, Линкольншир, Шотландад анагаахын мэргэжилтэй дүрвэгч эмч нарт англи хэл, аспирантурын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгож байгаа аж.
Дүрвэгч эмч нарыг бэлтгэх нь ёс суртахууны хувьд төдийгүй бусад асуудалд ч давуу талтай. Тухайлбал, ийм эмч нар дүрвэгч өвчтөнүүдийн өвчнийг эмчлэх томоохон дадлага туршлагатай. Түүнчлэн хүлээн авсан орондоо шинэ өвчтөнүүдийн урсгалаас ирэх ачааллыг чөлөөлнө. Тэр ч бүү хэл анагаахын шинэ оюутнуудыг сургаснаас илүү хямд, хурдан гэдгээрээ давуу чанартай. Одоогийн байдлаар Британид дүрвэгч 600 эмч амьдарч байгаа бөгөөд тэдний Их Британид авьяас чадвараа дайчлан ажиллаж буй нь их юм.
Дүрвэгч эмч нар дүрвэж ирсэн өвчтөнүүдийнхээ сэтгэл санаанаас эхлээд бүхий л байр байдлыг нь сайн ойлгоно. Мөн орчуулагчийн шаардлага гарахгүй.
Ийнхүү дүрвэгч эмч нарыг үнэлж байгаа улсын тоонд зөвхөн Их Британи ордоггүй аж. Туркт л гэхэд Сирийн эмч, сувилагч нар сургалтад хамрагдаж, Туркийн эрүүл мэндийн системтэй танилцаж байна. Тэд дүрвэгч өвчтөнүүдийг эмчилснээр хэлний болон логикийн саадыг үр дүнтэй даван туулж, хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлдэг.
Гэхдээ дүрвэгч хүлээн авсан улс орон бүр ийм алсын хараатай ажиллаж чадахгүй байна. Тухайлбал, 1.6 сая гаруй бүртгэлтэй сири дүрвэгч аж төрж буй Ливан, Иорданд сири эмч дүрвэгч өвчтөнүүдийг үзэж, эмчилсэн бол гэмт хэрэгт тооцогдоно. Хууль зөрчсөн эмч нар баривчилагдаж, тэр бүү хэл улсаас нь хүчээр гарах хүртэл ялтай. Тэр ч бүү хэд хүний эрхийг дээдэлдэг Канадад хүртэл дүрвэгчдийн эрүүл мэндийг сахин хамгаалах асуудалд инноваци хийхээс зайлсхийж байна. Сири эмч нар Кандад олон жилийн дахин сургалтад хамтрагддаг бөгөөд зарим нь өртөг өндөртэй дахин сургалтын гэрчилгээг авч ч чадахгүй байгаа аж.