Монгол Улс нээрэн л оюун ухаанаа гээчихээд байна. Сүүлдээ бүр Монголын төрийн толгойд заларсан эрхмүүд энэ улс орныг ямар бодлогоор, хааш нь чиглүүлэхийг ойлгохоо болилоо. Ярьдаг, хэлэлцдэг нь мөнгө, албан тушаалаас хэтрэхгүй байгааг бид бэлээхэн харж байна. Гэтэл цаана нь монгол дархлаа мөхөх аюул нүүрлэсэн улс үндэстний эрх ашиг хөндөгдсөн чухал асуудал шийдэл нэхэж байна.
Уг нь улс орны хөгжлийн тулгуур, ирээдүй нь эрдэм мэдлэгтэй, эрүүл саруул монгол хүн баймаар. Гэтэл үе уламжилж ирсэн монгол ухаан бүдгэрч, балархайтаж байгааг эрдэмтэд 30 жилийн нөр их хөдөлмөрөөрөө нотолчихоод байхад анхаардаг төр засаг, шийдвэр гаргадаг эрх мэдэлтэн ч алга.
Монголчуудын дундах цус ойртолт хүрээгээ тэлсээр аль хэдийн улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн хэмээн эрдэмтэн судлаач, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхэн сүүлийн арваад жил төрийн “чихнээс” хангалттай хонх уялаа. Гэвч Монголыг мөхөл рүү хөтөлж буй цус ойртолтын уршиг гүнзгийрч байгаагаас биш зогсоох оролдлого нэг ч гарсангүй гэж хэлэхэд буруудахгүй.
Ер нь Монголыг жолоодож яваа сайд, дарга нар ирээдүйд ирэх аюулыг мэдэхгүй байна уу, мэдчихээд дуугарахгүй байна уу.
Монгол Улс сүүлийн нэг жилийн хугацаанд 60 сая малдаа зориулж хоёр том хуулийг шил дараалан баталлаа. Малынхаа эрүүл мэндийг хамгаалах Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг энэ намар баталсан. Мөн малын удмын санг сайжруулсан Малын генетик нөөцийн тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар эцэслэсэн юм.
Төр засаг хөдөө аж ахуйн салбартаа анхаарах нь зүйн хэрэг. Гэхдээ монгол хүний, улс үндэстний удмын сан малынхаас дорд үзэгдэнэ гэдэг байж боломгүй асуудал мэт. Дорд үзэгдлээ гэхэд огт анхаарахгүй орхих зүйл яав ч биш юм. Учир нь хүн амын дунд чимээгүй тахал хэлбэрээр тархаж байгаа цус ойртолт ямар аюул дагуулж байгаа. Өнөөдөр хүн ам, улс үндэстэнд ямар бодит аюул нүүрлэж байгааг хүн судлаач эрдэмтэд тогтоочихсон. Ерөөсөө л дэлхийд гайхагдаж, байлдан дагуулж байгаа монгол суу ухаан, монгол хүний хурдан хурц сэтгэдэг сэтгэлгээний онцлог цус ойртолтоос болж бүдгэрч үгүй болж байна. Нэг ёсондоо монгол дархлаа мөхөж буй хэлбэр. Тэр хэрээр өнөөгийн нийгэмд түгээмэл ажиглагдаж байгаа тэрүүхэндээ амиа хоохойлох сэтгэлгээ ноёлсон, төрөлхийн согогтой, сэтгэх чадвар удаан, дутмаг залуус олширч буйг Стратеги судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хэлж байгаа.
Монголын төр малынхаа удмын сан, эрүүл мэндэд онцгойлон анхаарч байгаа түшээд маань өдөр ирэх тусам хурдтайгаар “унаж” байгаа монгол дархлааг аварч үлдэх талаар нэг ч үг ганхийсэнгүй. Аливаа хөрөнгө мөнгө хуваарилалт, элчин сайдын томилгоо нэрээр ам хуурайгүй ярих дуртай гишүүд монголчууд угийн бичгээ хөтлөхгүй бол улс үндэстэн мөхлийн ангал руу орж явааг ойлгодог ч болоосой. Ядаж ганц удаа ярьдаг, уриалдаг байгаасай.
Малын генетик нөөцийн тухай хуулийн ирээдүйн ач холбогдлын талаар хууль санаачлагч гишүүд “Малын генетик нөөцийн тухай хуулийг баталснаар нэн тэргүүнд малыг бүртгэлжүүлнэ. Олон улсын байгууллагын шаардлагаар малыг бүртгэлжүүлж, им-тэй болгосноор эрүүл ахуйн, гарал үүслийн баталгааг бүрэн хангана. Малын үржил, үүлдэр угсааг сайжруулах ажлыг мэргэжлийн түвшинд хийдэг болно. Ингэхийн тулд сум бүрт эцэг малын цөм сүргийг бий болгох юм. Үүний үр дүнд 4-5 жилийн дотор нийт малын амьдын жинг 2-3 кг-аар нэмэгдүүлэх бололцоо байгаа. Мөн сум бүрт мэргэжлийн мал зүйчтэй болгож, тухайн засаг захиргааны нэгжид орж ажиллуулна. Үүнээс гадна монгол малын сүргийн бүтцийг эдийн засгийн зорилго чиглэлтэйгээр хөгжүүлэх, өсгөх бодлоготой болж, малчин өрхийг МАА-н үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгэнэ. Эдгээр ажлын дүнд монгол малын үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг өсгөн, мал эрүүл байх нөхцлийг бүрдүүлэн, гарал үүслийг баталгаажуулснаар МАА-н салбарын экспортыг эрс нэмэгдүүлэх үндэс суурийг бүрдүүлэх юм” гэсэн юм.
Харин хүн амын дунд хүрээгээ тэлсээр байгаа цус ойртолтын аюулын талаар Стратеги судалгааны хүрээлэнгийн судлаач, Анагаах ухааны доктор Э.Энхмаа “Цус ойртолтын эцсийн үр дүн улс үндэстнийг мөхөлд хүргэдэг. Эхэн үедээ үл анзаарагдах байдалтай байдаг бол зузаарахын хэрээр төрөлхийн согог, гажигтай хүүхэд төрөх, оюуны хөгжлийн доройтол зэрэг айхавтар үр дагаврууд гарч эхэлж байна. Мөн аливаа өвчнийг эсэргүүцэх биеийн дархлаа суларч хүн ам өвчлөмтгий болж байна. Цус ойртолтын өнөөгийн түвшин дөрөв дэх үеийн ах дүү хоорондоо гэрлэхэд илрэх хэмжээний ерөнхий дэвсгэр бий болсон гэхээр өвчнөөр бол хүндэрсэн үе гэж хэлж болно. Өөрөөсөө дээш гурав дахь үе, дунджаар дөрөв дэх үе рүү орж ирж байна гэхээр өвөө эмээгийн түвшин рүү орж ирэх ирмэг дээр байгаа юм. Бараг л өвөө, эмээгээ мэдэхээ болих тал руугаа явж байна. Энэ бол бид удмын сангийн дотоод тэнцвэрийн хувьд аюулын ирмэг дээр ирсэн гэдэг нь ойлгогдохоор байна. Тиймээс цаг алдалгүй угийн бичиг хөтлөх ажлыг төр засгийн хэмжээнд ярьж хэрэгжүүлэх шаардлагатай” гэв.
Эндээс Монголын ирээдүй Монгол хүний удмын сан уу, малын эрүүл мэнд, генетик үү гэдэг нь тодорхой харагдана. Төрийн түшээд сайд дарга нарт дайх үг байна. Өвчнөөр бол хүндэрсэн шатандаа орчихоод байгаа цус ойртолтын аюулыг одоо л зогсоохгүй бол улс үндэстэн мөхөх аюулд хүрдгийг эрдэмтэд хэлж байгаа. Мөн Европын хаан угсаа цус ойртолтоос болж мөхсөн жишээ ч олон улсад одоо хэр яригдсаар байна.
Тэгвэл цус ойртолтоос сэргийлж ирээдүй хойчоо элдэв гажиггүй эрүүл саруул, тэр дундаа оюуны өндөр чадамжтай хүн болгохын тулд өнөөдрөөс эхлээд ард нийтээрээ угийн бичиг хөтлөх ажлыг эхлүүлэх шаардлагатай байгаа юм. Гэвч удам угсаагаа таньж мэднэ хэмээн хаана ч хамаагүй тааралдсан угийн бичиг хөтлөх гарын авлага худалдаж авах биш Засгийн газрын 2007 оны тогтоолоор угийн бичгийг хөтлөх журмыг шинэчилж, “Монгол Улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар” гарын авлага номыг мэргэжлийн эрдэмтдээр бүтээлгэснийг ашиглах ёстой юм байна. Энэ талаар Анагаах ухааны доктор Э.Энхмаа “Есөн үеийг дуустал дөрвөн баганаар өвөг дээдсээ нэрлээд явахаар 1,022 хүний мэдээлэл болдог. Эдгээр 1.022 хүн цусныхаа тодорхой хувиар хамаатай учраас энэ хүрээнд ураг холбохыг хатуу цээрлэдэг байж.
Угийн бичиг болон түүнийг хөтлүүлэх аргыг мэддэг гэж боддог мэргэжлийн бус хувь хүн, байгууллагууд олон бий. Өөрсдийнхөө ойлголтоор боловсруулсан зөвлөмж, гарын авлага маягийн зүйл гаргачхаад ард түмэнд тараагаад төөрөгдүүлээд байгаа нь угийн бичгийг шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв аргаар хөтөлж явахыг гажуудуулж байна. Эрдэмтэд нь угийн бичгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөтлөхийг зааж сургахын төлөө явж байна. Үүнд зохион байгуулалтын ажил дутаж байна. Өөрсдийнхөө харьяа дүүрэг, аймаг, сум, багийнхаа нутаг дэвсгэрт зохион байгуулалттайгаар ажил хэрэг болгох зүйл дутаад байна.
Энэ ажил өнгөрсөн хугацаанд огт зогсчихоогүй. Гэхдээ ихэнх тохиолдолд орон нутаг санаачилга гаргаж сургагч багш бэлтгэх, айл өрхүүдээ номжуулах маягаар сайн дурын юм шиг маягаар явж ирлээ. Түүнээс биш Засаг дарга, ИТХ-ын түвшинд, нийслэл даяар ч гэдэг юм уу үүрэг өгөгдөж байгаа нь тун бага. Зохион байгуулалттай, албажуулсан маягаар явахгүй бол болохгүй. Тийм ч учраас угийн бичгийн гарын авлагыг гадуур худалддаггүй. Энэ бол зөвхөн ураг төрөл удам судраа мэдэх асуудал биш, бүхэл бүтэн улс үндэстний оршихуйн үндэс яригдаж байгаа учраас монгол хүн бүхэн санаа зовох цаг болсон. Цаг хугацаа алдахгүйгээр хүчээ зангидаж хүн бүр эрвийх дэрвийхээр оролцох учиртай” гэсэн юм. Тиймээс улс нийтээрээ угийн бичиг хөтлөх ажлыг төр засаг үлгэрлэн санаачилж, хууль журмаар мөрдүүлэх шаардлага тулгарч байна.
2 comments
Монгол хүний удмын санг хамгаалах, хамгийн эхний арга хэмжээ нь ард нийтээрээ угийн бичиг хөтлөх ажлыг төрийн бодлого, зохицуулалттайгаар улсын хэмжээнд зэрэг эхлүүлж, эмхлэн цэгцэлж, бүртгэл мэдээлэлийн нэгдсэн цахим санг бүрдүүлж, цаашид шинээр төрсөн хүүхэд бүрийг ургын ямар бичигт хамаарахыг албан ёсоор бүртгэх замаар хүн бүрийн ураг төрлийн хэлхээ холбоог төрийн түвшинд хянаж, цус ойртох мөхөлд хүргэхээс урьдчилан сэргийлэх нь Монгол Төрийн Эрхэм Үүрэг юм.
Монгол үндэстэний бахархал болсон гойд сайн удам угшил бүхий оюун ухааны болон хүч тамрын гайхамшигт амжилтуудаараа дэлхийн дансанд бүртгэлтэй элитүүдийн үр , хөврөл үрийг авч, монгол хүний генийн санд хадгалан хамгаалах, биотехнологийн аргаар олшруулах замаар Монгол хүний удамзүйг чадвахжуулах ажлыг өнөөгийн шинжлэх ухаан технологийн өндөр хөгжил, дэвшлийг ашиглан цаашид Монгол үндэстэний яс чанар доройтох, үнэт чадамжууд бүдгэрэх, улмаар алдагдаж болзошгүй эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх сайжруулах зориулалт бүхий нөөц генийн сантай болох ажлыг хийх шаардлагатай байна.