Шэннон Эверетт хэмээх энэ бүсгүй 22 настай, хоёр хүүхдийн ээж. Гэхдээ тэр өөрийгөө ердөө 13-тай гэж боддог.
Энэ эмэгтэй амьд байгаа нь гайхамшиг юм. Шэнноны гэдсэн дэх хүүхэд байх ёстойгоосоо удаан өсөж байна гэсэн тул тэр төрөх эмнэлэгт нэлээд хэдэн долоо хоногийн өмнө хэвтжээ. Эмч нар түүний жирэмслэлтийн сүүлийн долоо хоногт ажиглалт хийх ёстой байв. Гэтэл бүсгүй эмнэлэгт ирэхдээ л өвдөлт өгч ирсэн ч савны амсар нь нээгдээгүй байжээ. Ингээд Шэннон төрөх орон дээр гарахаас өөр аргагүй болов.
“Дүлээрэй” гэх эх баригчийн заавар дор төрөх гэж буй бүсгүй нөхөр рүүгээ эргэн харж, “Би чамд хайртай” гэж хэлсэн байна. Дараа нь тэр энэ үгийг ээждээ ч бас хэлжээ. Ингээд тэр ухаан алдчихав.
Эмнэлэг даяар сандрал түгшүүр болж эхэлжээ. Эх баригчид хүүхдийг нь төрүүлж авч байх хооронд сэхээн амьдруулахын эмч нар Шэнноныг ухаан оруулах гэж тэмцэж эхэллээ. Харамсалтай нь тэр ухаан орсонгүй. Залуу бүсгүй их хэмжээгээр цус алдаж, удалгүй зүрх нь зогсов. Эмч нар Шэнноныг аврахаар тэмцсээр л… Гэтэл гайхамшиг тохиож, 68 минутын дараа түүний зүрх дахин цохилж эхэлжээ.
Шэннон нүдээ ч нээлгүй, хоёр долоо хоног комын байдалтай хэвтжээ. Гэтэл нэгэн өдөр палатан дотроос Шэнноны дуу сонсогдох нь тэр. Бүсгүй “Солонгон дээрх хаа нэгтээ” гээд дуулж байлаа. Ар гэрийнхэн нь баярлаад гүйж очтол дахин нэг хачирхалтай зүйл тохиох нь тэр. Шэннон өөрийгөө 13 настай, сургуульд сурдаг охин гэж ярьж байлаа. Залуу ээжийн нас бие гүйцсэн үеийн бүх амьдрал ой санамжинд нь үлдээгүй байв.
Азгүй эмэгтэйн нөхөр “Тэр шинэ төрсөн хүүтэйгээ яаж харьцахаа ч мэдэхгүй байгаа. Түүнийг төрүүлснээ ч санахгүй байна. Ер нь өөрийгөө хоёр хүүхэдтэй гэдэгтээ ч итгэхийг хүсэхгүй байна” хэмээн ярьжээ.
Шэннон том охиноо нөхрийнхөө эмнэлэгт авч ирсэн бичлэгийн ачаар бага зэрэг санаж эхэлжээ. Хоёр хүүхдийн ээж энэ бүсгүй гэртээ тэргэнцэртэйгээр харьсан байна. Яагаад гэвэл тэр явж чадахгүй. Үүнээс гадна зүрх нь зогссоны улмаас хараанд нь хүчтэй нөлөөлж, эд зүйлсийг гэрлээр л ялгаж чаддаг болжээ. Гэвч бүсгүйн ээж, нөхөр нь түүнийг эргээд хэвийн байдалдаа орно гэж найдсаар байна.
“Охиноо сэхээнд байхад би нөхөр Айонд нь хаяад явсан ч муу зүйл бодохгүй гэж хэлсэн. Тэгээд ч түүнд хүүхдүүдээ өсгөж, тахир дутуу болсон эхнэрээ асарна гэдэг асар хүнд. Харин тэр хаашаа ч явахгүй гэсэн. Тэр охинд минь хайртай юм билээ” гэж Шэнноны ээж ярьжээ.
Өдгөө залуу ээж биеэ бага багаар хянаж сурч байна. Одоо тэр гараа хөдөлгөж, бага зэрэг юм идэж чаддаг болжээ. Гэвч түүний өмнө уртын урт зам байна. Энэ замыг тэр ойр дотныхоо хүмүүсийн тусламжтайгаар даван туулж чадах биз ээ.