Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 7-г нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон билээ.Харин 2018 онд 28 өвчнийг эмчилдэг болохоор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургахаар төлөвлөж байгаа аж. Энэ хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, энэ сард Япон, БНСУ-д суралцахаар явах гэж буй эмч нартай уулзлаа. Энэ удаагийн сургалтад нийт 43 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 14 хоногоос 6 сарын хугацаатайгаар 7 чиглэлээр сургалтад хамрагдах аж. Үүнд:
- Элэг шилжүүлэн суулгах
- Ясны чөмөг шилжүүлэн суулгах, үүдэл эсийн банк байгуулах технологи
- Хавсарсан хүнд гэмтлийн үеийн мэс засал
- Иммуногистохимийн эмгэг судлалын шинжилгээ
- Халдварт өвчний үүсгэгчийн генийн дараалал тогтоох арга зүй
- Мөч хадгалах боломжтой үеийн хавдрын нөхөн сэргээх эмчилгээ
- Электорфизиологийн оношилгоо, эмчилгээ
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Эхний ээлжид БНСУ, Япон улсад 43 эмч багаараа суралцахаар удахгүй явна. Энэхүү арга хэмжээ нь иргэдийн гадаадад явж эмчлүүлэх урсгалыг багасгах, эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор хийгдэж буй ажил. Сургалтад хамрагдаж ирээд сурсан, мэдсэн, олж авсан туршлагаа бусдадаа түгээх, сургагч багш болж, үр дүнтэй ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй” гэлээ.
Эх сурвалж: ЭМЯ