УИХ-ын 2016 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газарт ажилласан ажлын хэсгээс Авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Зам, тээврийн хөгжлийн сайдад гардуулан өглөө.
Зөвлөмжид албан тушаалтан томилогдсоноос хойш хуульд заасан хугацаанд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах чиглэлээр салбарын хэмжээнд зохион байгуулалтын арга хэмжээ авах, мэдүүлгээ хугацаанд нь гаргаагүй албан тушаалтанд хариуцлага тооцох, хяналтыг сайжруулах, албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд бичгээр мэдэгдэл гаргаж хэвшүүлэх, энэ талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгох, төрийн албанд шинээр болон дэвшүүлэн томилохдоо мерит зарчмыг удирдлага болгох, нийтийн албан тушаалтныг үндэслэлгүй чөлөөлөх, түүний улмаас төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа зөрчлийг гаргахгүй байх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг салбарын хэмжээнд өрнүүлэх, эрчимжүүлэх зэрэг тус салбарт хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тусгасан байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ яам, агентлагт болон салбарын бусад байгууллагуудад хийсэн шалгалтын дүн, зөвлөмжид дурдсан асуудлуудыг судлан үзэж, дүн шинжилгээ хийн, салбарын хэмжээнд энэ төрлийн зөрчил, дутагдлыг гаргуулахгүй байх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: ЗТХЯ