“Левада-центр”-ийн мэргэжилтнүүд санал асуулга явуулж, иргэдийн хэдэн хувь нь Оросын одоогийн төрийн тэргүүн Владимир Путиныг дэмжиж байгааг тогтоожээ. Судалгаагаар сонгуулийн өдөр ойртохын хэрээр түүнд санал өгөх хүмүүсийн тоо өсөх төлөвтэй байна.
Тодруулбал, Путины төлөө санал асуулгад оролцогчдын 61 хувь нь саналаа өгнө гэжээ. Өнгөрсөн сарын сүүлчээр энэ үзүүлэлт 53 хувьтай байсан юм. Харин сонгуульд саналаа өгнө гэсэн хүмүүсийн дотор одоогийн Ерөнхийлөгчөө дэмжигчид 75 хувьтай байна.
Түүний араас Либераль ардчилагчдын удирдагч Владимир Жириновский оржээ. Түүнийг санал асуулгад оролцогчдын найман хувь нь дэмжиж байсан бол сонгуульд заавал оролцоно гэсэн хүмүүсийн 10 хувь нь дэмжжээ. ОХУ-ын Коммунист намын дарга Геннадий Зюганов зургаан хувь, оролцоно гэсэн хүмүүсийн долоон хувийн саналыг авсан бол Шударга Оросын Сергей Миронов хоёр хувь авчээ.
Санал асуулгыг энэ сарын 1-нээс 5-ны хооронд авсан юм. Харин Владимир Путин энэ сарын 6-нд сонгуульд оролцоно гэдгээ зарласан билээ. Энэхүү санал асуулгаас үзэхэд оросуудын тал хувь нь Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөөр төлөвлөж байна. Санал асуулгад оролцогчдын 28 хувь нь яг хэнд өгөх вэ гэдгээ нарийн тодорхойлсон бол 30 хувь удахгүй тодорхойлно гэжээ. Харин таван оролцогч тутмын нэг нь санал хураалтад очих бодолгүй байна гэж мэдэгдсэн байна.