Өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, их хэмжээний мөнгө угаасан эмч нарыг шалгаж байна

2017-12-08 12:40
222

Өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, нийгмийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан эмч нарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрэгт холбогдох хувийн эмнэлгийн дарга нар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн хоёр мэргэжилтнийг цагдан хорьж, арав гаруй эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Мөн ГССҮТ-ийн эмч н.Амгаланбаатар болон Сэргээн засалт хөгжлийн төвийн захирал шалгагдаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Цагдаагийн байгууллагад нэгэн иргэнээс дээрх хэргийн талаар мэдээлэхдээ манай эмнэлэг 15 ортой мөртлөө 50 хүн эмчлүүлсэн гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлж, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст өгөөд хоёр жил гаруй болж байна. Энд их хэмжээний мөнгө завшаад байх шиг байна гэсэн аж. Энэ дагуу хувийн эмнэлгүүдэд шалгалт хийж, 15-30 ортой болохыг тогтоосон байна. Мөн  эмнэлгүүдийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс рүү явуулдаг бичиг баримт болоод нөхөн олговроор хэдэн төгрөг улсаас авдаг тухай шалгаж тогтоох ажлыг хийсэн аж. Дээрх хэрэгт сэжиглэгдэж буй эмч нарын мэдүүлснээр ихэвчлэн хөдөө орон нутгийг иргэдийг сонгодог бөгөөд өвчтөний хуурамч түүхийг бүрдүүлэхдээ иргэдийн регистрийн дугаарыг ашигладаг гэсэн байна. Ингэхдээ улсын эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн нэр, регистрийн дугаарыг олшруулж, ихэвчлэн амбулаториор үйлчлүүлсэн хүмүүсийн нэр, өвчнийх нь талаарх мэдээллийг олж, хуурамч карт нээгээд өвчнийх нь талаар, хэвтэн эмчлүүлэхдээ ямар эмчилгээ хийлгэсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бичдэг гэсэн байна. Өөрөөр хэлбэл, хэсэг бүлэг мөнгө харсан эмч нарын гол бай нь өндөр настан, хөдөө орон нутгийн иргэд, улсын эмнэлгийн амбулаториор үйлчлүүлсэн иргэд болж байгаа юм.

Эмч хүн улс эх орныхоо өмнө эрдэнэт хүний амь насыг аврахын төлөө ажиллана хэмээн тангараг өргөдөг. Гэтэл өргөсөн тангарагаасаа няцаж, хүний зовлонгоор жаргал хийж түрийвчээ түнтийлгэдэг хэсэг бүлэг эмч, дарга нарт ямар хариуцлага тооцох нь одоогоор тодорхойгүй байна.