Улсын хэмжээнд он гарсаар 154 хүн угаартаж, тав нас баржээ. Тэдний хоёр нь автомашинд, бусад нь гэртээ угаарын хийн хордлогод орсон гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд ахмад настай гурван хүн гэртээ угаартаж, амиа алдсан бол энэ сарын 1-нд Дархан-Уул аймагт 20 хүн угаарын хийн хордлогод орж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Угаарын хийд дараах шалтгаанаас болж хорддог байна.
- Пийшингийн гал тохируулагчийг бага насны хүүхэд хүрч, тохиргоог өөрчилснөөс
- Унтахаасаа өмнө галлаж зуухны амыг нээлттэй орхисноос
- Хүйтний улирал эхлэхээс өмнө янданг цэвэрлээгүйгээс
- Яндангүйгээр зуухыг галласнаас
- Автомашины хий, агааржуулах төхөөрөмжийн сорох хоолойг тагласнаас болж, угаартах эрсдэл нэмэгддэг тул иргэд, айл өрхүүдийг анхаарал, болгоомжтой байхыг эмч мэргэжилтнүүд сануулж байна.