Хятадын “ПетроЧайна” нефть хийн компани дэлхийн нефтийн ордууд дотроо дээгүүрт бичигдэх том орд илрүүллээ. Уг орд Шинжаань-Уйгурын автономит тойргоос олдсон бөгөөд геологийн нөөц нь 1,24 тэрбум тонноор хэмжигдэж байна. Үүнээс 520 сая нь батлагдсан нөөцөд тооцогдож байгаа ажээ.
Энэ нөөц нь АНУ-ын Аляск мужийн Хэмлок орд, Бразилын нефтийн хийн сав газар болох Кампусын нөөцөөс ч хамаагүй их гэсэн үг. Шинжээчид цаашид нөөцийн үнэлгээ өөрчлөгдөж магадгүй гэж тэмдэглэж байна. Шинэ орд газар 1990-ээд оноос хайгуул хийгдэж эхэлсэн Ма нурын орчмоос олдсон юм. Түүнчлэн геологичид энэ бүсээс 1 тэрбум гаруй тоннын нөөцтэй өөр орд илэрч ч болзошгүй гэж үзэж байна.
Хятадын нефть хийн хамгийн том нөөцтэй ордод Дацины нефть хийн орд ордог. Тус орд 1959 онд илэрсэн бөгөөд 5.7 тэрбум тоннын нөөцтэй ажээ.