[starbox]

-Ливид боолын худалдаа хийгдэж, хүмүүсийг толгой дараалан устгаж байна. Гэвч дэлхий дахинд энэ бүхэн хамаагүй бололтой-

Өнгөрсөн аравдугаар сарын дундуур Ливийн боолын зах дээрх худалдааны бичлэг цацагдсан нь барууны орнуудын ч, Африкийн орнуудын ч, мөн НҮБ-ын ч дургүйцэл, эгдүүцлийг зэрэг төрүүлээд авсан юм. Эрх бүхий албан тушаалтнууд, улстөрчид, ТББ-ын төлөөлөгчид гээд бараг бүх л хүн нэгэн дугаар энэ хэсэгт мөрдлөг шалгалт явуулж, буруутай этгээдүүдийг шийтгэхийг уриалж байна. Үүний хажуугаар хүний эрхийг хамгаалагчид Европын холбооны санал, мөнгөөр байгуулсан Ливийн лагериудад дүрвэгсдийн хүнд нөхцөлд байлгадаг гэдгийг сануулж, Хойд Африкийн энэ улсын засаг захиргааг энэ бүхнийг эмх цэгцэнд нь оруулахыг уриалж байлаа.

Гэвч тэдний энэ хүсэлт биелэгдэх нь юу л бол. Яагаад гэвэд тус улсын төрийн интитуциуд нь хэтэрхий сул, авлигад автсан бөгөөд нөхцөл байдлыг засах чадамж алга байна. Үүнээс гадна Ливи улс одоо ч гэсэн аль хэдийнэ ялсан гэх “Исламын улс” алан хядах бүлэглэлийн томоохон аюул заналхийлэл дор аж төрж байна. Ливид үүссэн асуудлуудын талаар “Лента”-д ийнхүү бичжээ.

БООЛЫН ЭРЭГ

“Хэн нэгэнд газар ухах хүн хэрэгтэй юу? Энэ бол том, хүчтэй залуу. Сайн ухаж чадна” хэмээн Триполи хотын боолуудын зах дээр худалдаачин хашхирч, тагдгар, булчинлаг эрийг магтан зогсох аж. Худалдан авагчид ч алгуурхан үнээ өсгөж эхэлнэ. Ингээд 600 ливи динар буюу албан ёсны ханшаар 440 орчим ам.доллараар зарагдаж, шинэ эздийнхээ гарт шилжилнэ. XXI зуунд энэ бол ухаангүй алхам мэт санагдавч, Ливийн хотуудад бол энгийн л зүйл болжээ.

Тус улсад боолын худалдаа цэцэглэж байгаа нь аль хэдийнэ шинэ мэдээ биш болжээ. Үүний анхны баримтат баталгаа нь энэ оны дөрөвдүгээр сард гарч байсан юм. Боолын зах Зувар, Кастельверд, Кабава, Гадамис, Сабха, Сабрат болон бусад хотод үйл ажиллагаа явуулж байна. Тэдний амьд бараа нь Европ руу гарахыг оролдсон Төв Африкийн орнуудын дүрвэгсэд юм.

Хүмүүсийг болгон хувиргах схем ч тун энгийн. Цагаач этгээд зуучлагчид хандаж, Европ руу гарах аялалдаа тодорхой хэмжээний мөнгө төлнө. Энэ нь 3000-5000 ам.долларт хэлбэлзэнэ. Ингээд дүрвэгсэд хамгийн сүүлчийн зоосоо шавхаад ч хамаагүй төлнө. Ингээд цагаач этгээд Ливид орж ирэхэд түүнд өгсөн мөнгө нь хангалтгүй байна, дахиад мөнгө төлөх хэрэгтэй гэнэ. Ерөнхийдөө хууль бус цагаачид ямар ч баталгаа байхгүй. Хэрвээ дүрвэгч мөнгө нэмж төлөхөөс татгалзаж, өөрийнхөөрөө зүтгэн хэлсэн ярьснаа биелүүлэхийг шаардвал түүнийн зодох буюу хүчирхийлж, дараа нь дуудлага худалдаанд өгч эхэлдэг байна.

Ливичүүдийн хувьд Сахарын өмнөд хэсгийн орнуудаас ирсэн африкчуудыг зарах нь энгийн л зүйл. “Негрүүдийг ялгаварлан гадуурхах, арьсны өнгөөр нь гоочлох нь Ливийн нийгэмд хадгалагдсаар байна. Тэнд 1940-өөд оныг хүртэл хар арьснуудын худалдаа цэцэглэж байлаа. Харин одоо Ливид янз бүрийн бүлэглэлийн зэвсэгт дайчид, зэвсэгт сөрөг хүчнийхэн, бүхий л угсааны бандитууд, янз бүрийн гэмт хэргийн үүр уурхай эзэрхэж, боолын худалдаа ашигтай бизнес болон хувираад байна” хэмээн Тунисын социологич Монсеф Оуанн мэдэгджээ.

ТАМЫН ЛАГЕРЬ 

“Биднийг яг л хайрцагтай шүдэнз шиг чихдэг. Бид унтаж ч чаддаггүй. Олонх нь янз бүрийн өвчинд нэрвэгдсэн. Бидэнд хоол хүнс хүрэлцдэггүй, шүршүүрт ороогүй хэдэн сар болж байна. Бид эндээс л гарахгүй бол бүгд үхнэ. Хүмүүс шалан дээр хэвтэж, шээс, баасны үнэр нэвчсэн агаараар амьсгалан ийм өрөөнд амьдрахад тэсэхийн аргагүй” хэмээн Европын холбооны дэмжлэгтэйгээр байгуулагдсан дүрвэгчдийн лагерьт хоргодсон нэг дүрвэгч ярьжээ. Ливийн хууль бус цагаачидтай тэмцэх албанды баримтаар өдгөө 19.5 мянган хүн лагерьт байна. Гэтэл хоёрхон сарын өмнө энд 7000-гаас хэтрэхээргүй дүрвэгч байсан юм.

Хамгаалагчид дүрвэгчдийг цахилгаан бороохой зэргийг ашиглан байнга зоддог. Тэд хоол хүнс, ус, эмнэлгийн тусламж гуйхад ингэж л ханддаг аж. Нэгэн дүрвэгч эмэгтэйн ярьснаар нэг өдөр түүнийг лагериас авч явж, гурван эрэгтэйтэй байшинд оруулсан гэнэ. “Тэд намайг хүчиндсэн. Тэдний дунд DCIM-ийн ажилтан ч байсан” хэмээн ярьжээ. Уг нь энэхүү лагерийг Европ руу орж ирэх дүрвэгчдийн урсгалыг багасгахын тулд байгуулжээ. Гэвч лагерийн хамаг сайн сайхан гэдэг зүйл зөвхөн цаасан дээр л бичээстэй байдаг гэнэ.

Ливийн эрх бүхий албан тушаалтнууд ч үүгээр ашигтай бизнес хийгээд сурчихжээ. Тэд авлига авч байж дүрвэгчийг суллаж, зуучлагчид нь хүлээлгэн өгдөг. Цагаачидтай хөлөг онгоц аль ч улсын харьяалалгүй усан замд орж ирэхэд Ливийн эргийн хамгаалалт өөрсдийн ажлаа хийж эхэлдэг байна. Тэд завийг замаас нь барьж авч, цагаачдыг лагерь руу буцаадаг.

Энэ сарын эхээр Триполид цагаачдыг байршуулах хэдэн төвд очсон НҮБ-ын ажиглагчид албан ёсны тайландаа харсан аймшигтай зүйлсийнхээ талаар ч нуугаагүй байна. “Ядарч зүдэрсэн, зовсон мянга мянган эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүд эрүүл ахуйн наад захын нөхцөл хангагдаагүй ангарт цоожлогдож, хүн гэдэг давуу талаа алдаж байна” гэж бичжээ.

“Хүнд нөхцөл байсан асуудал өдгөө гамшиг болон хувирчээ. Олон улсын нийгэмлэг цаашид Ливид зовж буй цагаачдын энэхүү төсөөлшгүй аймшигт нүдээ аниад дуугүй сууж чадахааргүй боллоо. Байдлыг зөвхөн саатуулагдсан этгээдийн нөхцөл байдлыг сайжруулснаар засч болно ч гэж харалтгүй болжээ” хэмээн хүний эрхийн дээд комиссар Зейд Раад аль-Хусейн мэдэгдсэн байна. Европын цагаачлалын асуудал эрхэлсэн комисаар Димитрис Аврамопулос ч НҮБ-ын энэ баримтыг хүлээн авлаа гэжээ.

                                        ЕВРОП РУУ  ГАРАХ ЗАМ “ИСЛАМЫН УЛС”-АД ОЧИХ ЖИМ БОЛДОГ 

Зарим цагаачид ч зугтаж чаддаг. Мөнгөгүй, бичиг баримтгүй тэд Ливийн газар нутаг дахь зэвсэглэсэн олон тооны бүлэглэлийн амар хялбар олз болдог. Эдгээр бүлэглэл нь ямар нэгэн аргаар “Исламын улс”-тай сэжимтэй байдаг.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр Ливийн Сирт хотод явуулсан тулааны дараа тус улс дахь радикал исламистуудыг ялан дийллээ хэмээн баяр бахдалтайгаар зарласан билээ. Гэвч удалгүй аймшигтай үйл явдлууд өрнөж эхэлсэн юм.

Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын Америкийн стратегийн бөмбөгдөгч В-2 Сиртээс зүүн өмнөд зүгт 45 км-т Исламын улсын байршилд цохилт үзүүлсэн. Наймдугаар сард алан хядагчид нийслэл Триполигоос өмнө зүгт 500 км-т байрлалтай Ливийн үндэсний армийн хуаранд халдаж, олон цэргийг олзолсон төдийгүй есөн цэрэг, энгийн хоёр иргэний толгойг тасадсан хэрэг гарсан.

Өдгөө харсан үзсэн бүхнээ нуух аргагүй болжээ. Есдүгээр сарын сүүлчээр Ливийн прокурорын газрын өндөр албан тушаалтан Садик Аль-Сур Ливийн цөлд Исламын улсын сургуулилтын лагерь байршдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Түүний хэлснээр Аль-Махди Салем Дангу тэргүүтэй Ливийн дайчдын бүрэлдэхүүнд гурван бригад байдаг гэнэ. Энэ арми нь Сирт хотыг чөлөөлөгдсөний дараа байгуулагджээ. Дайчид тэр ч бүү хэл Сирт рүү явдаг замд өөрсдийн гэсэн хяналт шалгалтын пост гаргаж эхэлжээ.

“Өмнөд Ливи бол өргөн уудам, хяналтгүй газар нутагтай. Энэ бол Сахарын өмнөдөөс ирсэн цагаачид Ливи, Европоос дамжих гол маршрут” хэмээн Хойд Африкийн шинжээч Валид Намане “Gulf News” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Үүний үр дүнд “Исламын улс” цагаачдыг айлган сүрдүүлэх замаар эгнээгээ тэлэхээс гадна зүгээр л олзолж, дараа нь боолын зах зээл дээр дуудлагаар худалддаг болжээ.

БУРУУТАЙ, ХАРИУЦАХ ЭТГЭЭД ОЛДОХГҮЙ БАЙНА

“Буруутан алга. Хариуцах хүн ч алга”. Гвиней улсын Ерөнхийлөгч, Африкийн холбооны ерөнхийлөгч Альфа Конде ийм дүгнэлт хийжээ. “Засгийн газар байхгүй улсаас яаж хүсэлт гаргаж, дүрвэгчдийн замд саад хийж чадах билээ. Энэ бол хариуцлагагүй асуудал. Үүнийг санал болгосон хүмүүс ч Ливид засаггүй байдал ноёрхож, цагаачдад тав тухтай нөхцөл бүрдүүлэх боломж байгаагүйг мэдэж байсан. Гол буруутнууд нь Европт байна. Иймээс найзууд (европчууд) алдаагаа хүлээх ёстой” хэмээн улстөрч эр харуусангуй хэлжээ.

Ливид дүрвэгчидтэй холбоотой үүссэн асуудал, тэдэнд боол мэт хандаж буй, Исламын улсын эгнээнд зуучилж буй зэрэг асуудал үнэхээр хурцадсан зүйл НҮБ байж боломгүй алхам хийж эхэлжээ. Ливиэс Нигер рүү Эритрей, Этиоп, Суданы 25-хан дүрвэгчийг шилжүүлсэн байна. Гэвч энэ бол далайн өчүүхэн дусал л гэсэн үг.

Харин Европ алдаагаа ухамсарлаж, дүрвэгчдийг шүүж авах хөтөлбөрөө дахин өөрчлөхөөр яарахгүй байна. Саяхнаас Их Британийн Батлан хамгаалах яамны дэргэд Ливийн эргийн хамгаалалтын 60 ажилтныг сургах гурав дахь курсээ эхлүүлжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн