Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг өчигдөр (2017.11.29)Авлигатай Тэмцэх Газраас баривчилжээ. Түүнийг албан тушаалаа хашиж байхдаа их хэмжээний мөнгө дур мэдэн зарцуулсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Чухам ямар хэрэгт буруутган шалгаж буй, хорьсон, эсэх талаар тодорхой мэдээлэл алга.
Албан бус мэдээллээр түүнийг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зэрэг санхүүжүүлсэн олон төсөл, арга хэмжээний үр дүн, мөнгө хэвлэсэн зэрэг үйлдлийг шалгаж буй гэнэ. Мөн Хөгжлийн банкны “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад Монголбанк хяналт тавьж ажиллах ёстой ч үүргээ биелүүлээгүйгээс чанаргүй зээл их хэмжээгээр олгож, тендергүйгээр ажил гүйцэтгүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон сураг байгаа юм. Мөн Н.Золжаргалын үед бодлого, шийдвэрийг хамтдаа гаргалцаж ирсэн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, дэд ерөнхийлөгч Э.Батшугар нарыг буруутган, АТГ-аас шалгаж эхэлсэн бололтой.