Нэгэн сэтгүүлд хоол боловсруулах эрхтэн, цагаан хоолтонгуудын тухай “Хүний биед мах боловсруулдаг нэг ч эрхтэн байхгүй’’ гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгдсэн байхыг уншаад харамсах сэтгэл төрж, үүний хариу болгож хүний бие махбодын хоол боловсруулах үйлийн тухай энгийн, товчхон тайлбар бичихээр шийдсэн юм.
Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо нь хоол тэжээлийн зүйл буюу химийн полимер нэгдлүүдийг шат дараалсан механик болон химийн боловсруулалтаар энгийн нэгдэл болгон задалдаг.Хоол боловсруулах үйлийн дүнд үүссэн шим тэжээлийн бодисууд нь гэдэсний ханаар цус, тунгалаг руу шимэгдэн элгэнд очиж хоргүйжин улмаар эд, эсэд очиж, бодисын солилцоонд орж, бие махбодын эрчим хүчний эх үүсвэр болдог.Харин хоол боловсруулах үйлийн эцсийн бүтээгдэхүүн нь хэлбэржин өтгөн болж гадагшилдаг.
Амьд байгалийн түүхэн хөгжлийн явцад амьтдад хоол боловсруулах эрхтэн тогтолцоо нь олон шат дамжин хөгжиж ирсэн.Нэг эст амьтад хоол тэжээлээ залгих, нэвчүүлэх замаар хооллодог бол олон эст амьтдад үүнийг бүлэг эс буюу эд, эсийн цогцолбор гүйцэтгэдэг. Хөвчтөний хүрээний дээд хөгжилтэй амьтдад өвөрмөц үүрэг бүхий хоол боловсруулах эрхтэнүүд үүсч бий болсон. Боловсруулж байгаа хоолоор нь өвсөн, махан, холимог тэжээлтэн гэж ангилдаг.
Холимог хоолтонд хүн, гахай, баавгай зэрэг хамаарна.Амьд байгалийн хөгжлийн явцад амьтад эхэндээ өвс, ургамлаар хооллож байснаа махаар хооллож, бүр сүүлдээ холимог хоолтон болсон.Амьтад энэ байдлаа нэгэн биеийн хөгжлийн явцад давтдаг.Хүн хүүхдээ эхлээд сүүгээр хооллож байснаа сүүлдээ махаар хооллодог.Үүнийг бид бор хоолонд орох гэж нэрлэдэг. Сүүлдээ ногоо идэж чаддаг болдгийг бид бүгдээр мэднэ
.
Амны хөндийд хоол хүнсний зүйл механик боловсруулалтад орж жижиглэгдэн бутлагдаж, шүлстэй холигддог.Шүлсний амилаза ферментийн нөлөөгөөр химийн боловсруулалтын эхний үе шат амны хөндийд явагддаг.Залгих үйлийн дүнд цааш ходоод руу орж, агуулагдахуун ходоодны шүүстэй холилдож цаашаа нарийн гэдэс рүү шилждэг.Нарийн гэдсэнд хоол хүнсний бодисуудын ихэнх нь задардаг.Нэн ялангуяа энэ нь нарийн гэдэсний эхлэл хэсэг болох дээд гэдсэнд явагдана.Энэ хэсэгт хоол боловсруулах үйлд нойр булчирхайн шүүс, гэдэсний шүүс, цөс оролцдог.
Хүний нойр булчирхай хоногт 1,5-2 л шүүс ялгаруулдаг ба түүний найрлагад орсон олон янзын фермент буюу эсгэгийн нөлөө үйлчлэлээр уураг, өөх тос, нүүрс усны задрал явагдаж байдаг.Нарийн гэдэсний бүх уртын дагуу түүний салст бүрхүүлд байх булчирхайнуудаас хоногт 2-Зл гэдэсний шүүс ялгарч, түүнд агуулагдах 20 гаруй фермент хоол боловсруулах үйл явцын төгсгөлийн шатыг хангадаг.Насанд хүрсэн хүнд хоногт 0,5-1,5л цөс ялгарч өөх тосыг эмульс болгох, нянгийн эсрэг үйлдэл үзүүлэх, уураг, нүүрс усны задралыг түргэсгэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих гэх мэт олон чухал үүрэг гүйцэтгэдэг.
Нарийн гэдсэнд эслэгээс бусад нь боловсордог учир бүдүүн гэдсэнд эслэг задарч улам нарийсна.Бүдүүн гэдсэнд ус шимэгдэж, өтгөн хэлбэршин гадагшилдаг.Өвсөн тэжээлтэнд бүдүүн гэдэс сайн хөгжсөн байдаг.Бүдүүн гэдэс дулаан үүсгэх нэг чухал үүрэгтэй.Үүнийг монгол эрдэмтэн Б.Шагж судалж, дэлхийд нээлт хийсэн билээ.Өмнөдөөс хойд туйл руу ойртох тутам, мөн оршин амьдарч байгаа нутаг нь далайн төвшнөөс дээш өргөгдөх бүрт дулаан үүсгэх үүрэгтэй нь холбоотойгоор бүдүүн гэдэс илүү уртасч, үүрэг нь ихэсдэг.
Мах гэдэг бол уургаар баялаг бүтээгдэхүүн.Гэтэл хүнсний бусад бүтээгдэхүүн мөн адил тодорхой тоо хэмжээгээр өөртөө уураг, өөх тос, нүүрс ус агуулдаг.Зөвхөн дан ганц мах ч биш хоол хүнсний бусад зүйл хоол боловсруулах замд үйлчлэлд орохдоо азотын нэгдлүүд, индол, скатол зэрэг хорт бүтээгдэхүүн үүсгэдэг хэдий ч энэ нь элгээр хоргүйждэг.Хэрэв элэг ингэж идэж, уусан хүнсний зүйлийг ходоод гэдэсний замаас шимэгдэхэд цуснаас шүүж хоргүйжүүлдэггүй бол бие махбодь түүнд амархан хордох байсан билээ.
Эцэст нь хэлэхэд ‘‘цагаан хоолтон” гэдэг бол зөвхөн мах иддэггүй хүмүүсийг биш харин зөвхөн сүү, сүүн бүтээгдэхүүнээр хооллохыг хэлдэг.Харин махнаас татгалзан өөрсдийгөө “цагаан хоолтон” гэж нэрлээд байгаа хүмүүсийг бол бүрэн утгаараа “цагаан хоолтон” гэж нэрлэвэл зохисгүй.Жинхэнэ цагаан хоолтон хүн гэдэг бол эхээс төрөөд эхийн сүүгээрээ хооллож байгаа хүүхэд юм. Улмаар хүүхэд бор хоолонд орсноор “цагаан хоолтон” биш “бор хоолтон” болдог.
Иймд хүний биед физиологийн хувьд мах боловсруулах нэг ч эрхтэн байхгуй биш харин ч түүнийг боловсруулахад дээд зэргээр зохицсон, нарийн нийлмэл үйл ажиллагаагаар хоршиж ажилладаг өвөрмөц үүрэгтэй эрхтэнүүдийн цогцолбор байдаг юм.
Г.Доржжагдаг /АУ-ны магистр/
АШУҮИС-ийн Анатомийн тэнхимийн багш