Арван гурван настай охиныг зочид буудалд бүлэглэн хүчиндэж амь насыг нь хөнөөсөн, гурван настай бяцхан охиныг төрсөн эцэг нь хүчирхийлсэн тухайд уншиж бусдын адил сэтгэл маш их эмзэглэж байв. Хэсэг шуугиж байгаад намдах вий гэж бүгд л эмээж байлаа. Яг л ийм үед НүдээНээ хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн ид өрнөж эхэллээ…Ер онц ноцтой ийм гэмт хэргүүдэд Европ хийгээд дэлхийн бусад улс орон ямар ял оноодог юм гэж хэд хоног уншиж судлав.
Хүчингийн хэрэг хийсэн гэмт этгээдэд Хятад, Саудын Араб, Энэтхэг, Иран зэрэг улс цаазаар авах ял оноодог, ялангуяа бага насны хүүхдийг бэлгийн замаар хүчирхийлсэн бол Хятад, Индонез зэрэг улсад шууд ялын дээд хэмжээ өгдөг юм байна. Германд энэ төрлийн ХҮНД гэмт хэрэг үйлдвэл насан туршид нь хорьдог. Ж.нь, Саудын Араб сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хүчингийн хэргээр нийт 184 цаазаар авах ял (1) гүйцэтгэсэн байх юм. 2010 онд Иранд 35 настай Юүсеф Камсе хэмээх эрэгтэйг хүчин ба дээрмийн хүнд гэмт хэргийн учир олны өмнө дүүжилжээ (2). 2013 онд Энэтхэгт, оюутан охиныг бүлэглэн хүчирхийлсэн 4 этгээдэд олон түмний шаардлагаар хуулийн дээд ял оноосон (3) байна.
Манайхан цаазаар авах ялыг халж үгүй хийхдээ “Хүмүүнлэг, хүний эрхийг дээдэлдэг газар цаазаар авах ял алга” хэмээж Европыг ялангуяа маш ихээр жишээ татсан. Гэтэл нэг зүйлийг ард иргэддээ үнэнээр нь тайлбарладаггүй юм байна. Европын 47 улсаас Оросоос бусад нь ёсчлон баталсан (Ratifizieung) 6-р Протокол (4) хэмээх баримтад “Цаазаар авах ялыг үгүй хийнэ” гэдэг. Гэтэл энэ протоколд “Дайны үе хийгээд дайны аюул шууд тулгарах үед Цаазаар авах ялыг хэрэгжүүлэх нь зүйтэй” гэсэн заалт байдаг аж.
Энэхүү 6-р протокол ямагт шүүмжлэлд өртдөг тул Европын Зөвлөл 2003 онд 13-р протоколыг (5) баталсан: Үүнд, “Ямар ч нөхцөл байдалд цаазын ялыг үгүй хийнэ” гэж оруулж 44 улс (6) гарын үсэг зурж баталсан хэдий ч Европын Хүний эрхийн конвенц хийгээд Европын Зөвлөлөөс дээш эрх бүхий Европын Холбооны Үндсэн Хуулийн Чарта нь (EU-Grundrechtecharta) 13-ыг бус зөвхөн 6-р протоколыг нь хүлээн зөвшөөрсөн байна (7) . Өөрөөр хэлбэл, дайны аюул тулгарах үед Европын Холбооны улсуудад “Цаазаар авах ял” хуулиар хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.
Одоо дэлхий дээр Япон, АНУ, Өмнөд Солонгос, ОХУ, Хятад, Сингапур зэрэг 57 улсад цаазаар авах ял хүчинтэй, 30 улс хэдий хууль нь байж байгаа ч ийм ялыг сүүлийн 10 гаруй жил амьдрал дээр хэрэгжүүлэхгүй түтгэлзэж буй. 104 улс цаазаар авах ялыг бүрэн цуцалсан хэдий ч дээр дурдсан ёсоор, хэрэв дайны аюул ирвэл Европын 44 улсад энэ ял хэрэгжиж эхлэх юм.
Харин Израйль, Бразил, Казакстан, Чили зэрэг 7 улсад онц ноцтой гэмт хэргүүдэд л цаазаар авах ялыг оноож буй аж. (8)
Бас нэг сонин тоо баримт харав. 1990-ээд оноос эдүгээ хүртэл 60 гаруй улс (9) цаазаар авах ялыг бүрэн халжээ, үүнд ялангуяа хуучин соц жигүүрийн Болгар, Молдав, Румын, Украйн, Латви, Узбек, Монгол зэрэг орнууд дийлэнх нь байх юм! Тэгэхлээр мөн л цаазын ялгүй гэж буй тэдгээр 104 улсаас нэлээд олон орон, манайх шиг хуулиа өөрчлөөд их удаагүй байна.
Цаазаар авах ялгүй гэж бидний үлгэрлэн дуурайсан Европын орнуудын хөгжил ямар билээ, тэр хэмжээгээрээ ард иргэдийн ухамсар, төлөвшил харьцангүй өндөр гэдэг нь маргаангүй. Нөгөө талаар онц ноцтой гэмт хэрэгтнүүдээ тэд насаар нь хорьж яг л хуулийнхаа хүрээнд хатуу шийтгэж чаддаг. Ар өврийн хаалга, танил талаараа хөөцөлдөж цөөхөн жилийн ял авчихаад хохирогчдыг заналхийлэх хийгээд ял завшина гэсэн юм байхгүй шүү дээ.
Манайхан яагаад “онц ноцтой гэмт хэрэгтэнд л ялын дээд хэмжээ оноож буй” гэгдэх дээр дурдсан Израйль, Казакстан, Чили зэрэг 7 орны нэг адил байрь суурь баримталж чадсангүй вэ? Цаанаа “Эмх замбараагүй байдлын онол”-ын (10) дагуу байлгах нарийн төлөвлөгөө бүхий (харин наанаа хүний эрх, хүмүүнлэг ёс ярьсаар) нийгмийг улам бүр айдас, ялзралд автуулж барьж доройтуулж байх башир бодлого “явж” буй юм биш биз? Ингэж хэлэхээр, манайхны зарим нэг нөхөд эсэргүүцэж магад юм. Барууныхны тэжээвэр болж, тэднийг сохроор дагагсад цаазаар авах ялыг үгүйсгэхдээ, “30-аад оны хилс хэргийг харцгаа, хичнээн олон гэм зэмгүй хүнийг цаазаллаа!?” хэмээдэг. Тэгвэл улс төрийн хэрэгт цаазаар авах ял оноохгүй байхаар заалт оруулахад л болох байсан юм биш үү?
Онц ноцтой гэмт хэрэг үйлдэх арга улам л боловсронгуй, улам л урд хожид сонсогдоогүй харгис хэрцгий болсоор буй, юу үнэн бэ гэвэл энэ бол үнэн шүү!
Цаг нь болоогүй байхад цаазын ялаа халчихсан бид цаашдаа ч хүний эрх, эрх чөлөө “онц ноцтой гэмт хэрэгтэн ч хүн ш дээ” гэсээр суух уу, яах вэ? Цэцэг цэврүү шиг охидоо бид л хамгаална, гагц охин хүүхэд гэлтгүй нийгмээрээ бусдын бохир бодлогын золиос болсоор байх уу?
Цаазаар авах ялын хуультай байлаа гээд “цаазлаад бай” гэсэн утга биш юм! Хууль нь байж л байг, Израйль АНУ, ОХУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг бусад орны жишгээр. Тэгэх юм бол онц ноцтой гэмт хэргийн тоо харьцангүй бага байхад нөлөөлж л таарна. Ядаж л хүнээ байчихсан алуурчинд зануулаад суухгүй шүү дээ, монгол хүн!…
Манай төр дэлхийг эрхшээгчдийн‘ цаазаар авах ял тойрсон ил далд бодлого, стратегийг маш нарийн судлах хэрэгтэй байна!!!
Эх сурвалж:
(1) http://www.todesstrafe.de/…/Hinrichtungen_nach_Delikten_und…
(2) https://todesstrafe-nachrichten.jimdo.com/archiv…/juli-2010/
(3) http://www.spiegel.de/…/indien-todesstrafe-fuer-vergewaltig…
(4) https://www.menschenrechtskonvention.eu/protokoll-nr-6-emr…/
(5) https://www.menschenrechtskonvention.eu/protokoll-nr-13-ue…/
(6) https://www.coe.int/…/f…/-/conventions/treaty/187/signatures
(7) http://www.europarl.europa.eu/…/europa_grun…/_30.03.2010.pdf
http://www.3sat.de/page/…
Die Todesstrafe
Auch in der EU könnte die Todesstrafe wieder eingeführt werden
(8) https://app.box.com/s/2b8m3t5l3zjweue0e3fd…/…/155477694624/1 ZAHLEN UND FAKTEN ÜBER DIE TODESSTRAFE STAND 11. APRIL 2017
(9) http://www.ruhrnachrichten.de/…/Diese-Laender-praktizieren-…
(10) “Эмх замбараагүй байдлын онол” манайд ч хэрэгжиж байна! нийтлэл. 2017.
Дорждамдингийн Оюун
2017.10.30
Karlsruhe, Germany