Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Ш.Батмэндтэй уулзаж ярилцлаа.
-Та Отгонтэнгэр хайрханы байгаль хамгаалагчаар хэдэн жил ажиллаж байна?
-Би Отгонтэнгэрийн өвөр дэх байгаль хамгаалагчаар 1996 оноос ажиллаад хорин хоёр жил болж байна.
-Уулнаа авирагчид хэзээ ирэв?
-Аравдугаар сарын 20-ны баасан гаригийн 22 цагийн орчимд ирсэн. Миний таних ахлагч жолооч нь Мэлхийн хонхор хүрч дөхөж хононо гэсэн юм. Тэгэхэд нь би “Дээшээ явуулахгүй ээ. Дээшээ хонуулдаггүйг чи мэдсээр байж ингэж болохгүй” гэтэл уулчдын ахлагч Сүрэнжав бууж ирсэн. Тэр хүний хувьд манай үүгээр олонтаа ирсэн, олон ч удаа уулан дээр гарна гэж надтай зөрөлддөг хүн. Би гаргахгүй буцааж байсан удаа ч бий. “Барааны газраас зориод ирэхэд хичнээн ч удаа буцаахав” гээд гаргаж байсан удаа ч бий. Гаргахдаа “Чи олон хүнтэй битгий ирж байгаач. Ганцаараа юм уу, нэг хоёроороо л гарч бай л даа” гэж гуйдаг л байсан.
-Өмнө нь хэдэн удаа ирж байсан юм бэ?
-Саяын ирэлттэй дөрөв дэх удаагаа ирж байгаа юм. Уржнан хавар дөрөвдүгээр сард тавин хэдүүлээ ирж байсан. Тэгэхэд би харуулын байрнаас хэтрүүлэлгүй буцаасан. Тэгэхэд сумаас цагдаа, багийн дарга нарыг нааш нэмэлт хүч болгож явуулж байлаа. Орой нь би талийгаачид “Энэ чинь монгол түмний шүтээн уул. Чи ээж аавынхаа толгой дээгүүр алхдаггүй биз дээ. Бурхан дээрээ сандайлж суудаггүй биз дээ” гэж хүртэл хэлдэг л байлаа. Саяын удаад хаашдаа хүчрэгдэхгүй, уулын оргилд гарна гэдгийг би мэдэж байсан. Надад машиныг нь зогсоогоод, түлхүүр багажийг нь хураагаад, машиныг нь нэгжээд байх улсын байцаагчийн эрх байхгүй шүү дээ. “Харанхуй шөнө муудалцаад яахав. Өглөө хоёулаа үүр цайхаар уулзъя” гэж би хэлсэн.
-Өглөө нь тэгээд уулзав уу?
-Тэд 05 цагт босоод унд хоолоо идэж уугаад 07 цагийн орчим явцгаасан. “Чи хэдэн эмэгтэй хүнтэй яваа вэ” гэхэд “Тав” гээд манайд таван эмэгтэйг хонуулсан байсан. Хоёр эмэгтэйгээ надаас нууж гадаа машинд хонуулсан юм билээ. Би тэднийг явсны дараа тусгай хамгаалалттай газрын дарга руугаа залгасан. Хагас сайн өдөр байсан болохоор утсаа нээхгүй, нэлээд залгаж байж авсан. Даргад би “Нөгөө хүн дайраад явлаа. Ямар арга хэмжээ авах вэ. Өнөөдөр уулын оройд хаашдаа гарахдаа гарна. Ахиж ингэж олон хүн дагуулж ирэхгүйгээр яриа тохиролцоонд хүрмээр байна. Та нар эргэж ирэхээр нь уулзаач ээ” гэсэн. Сумын Засаг дарга Амгаланбаатар руу “Орон нутгийнхан ууланд хүн гаргахад дургүйцдэг. Би ч дургүй хүний нэг. Цагдаа нартаа хэлээч ээ” гэтэл “За, ойлголоо” гээд утсаа унтраасан. Орлогч даргадаа, цагдаа нартаа хэлсэн л юм байна лээ. Тэд нь амралтын өдөр болохоор тэгээд өнгөрөөчихсөн юм билээ.
-Ууланд авирсан улсыг та тэр чигт орхичихсон уу, эсвэл анзаарч л байв уу?
-Байнгын дурандаастай байсан. Өдийд чинь уулынхаа оройд түрүүч нь гарчихсан, сүүлч нь гараагүй явсан ш дээ. (2017.10.25-ны 17 цагийн үед эл ярилцлагыг авсан болно. сур) Тэд чинь гурван хэсэг явсан юм. Би хөгшиндөө “Сүүлийнх нь хүмүүс буцахгүй бол дэндүү оройтох нь дээ. Одоо яадаг билээ. Тэр чигтээ зүтгээд байх юм. Харанхуй боллоо. Бууж ирэхдээ хэцүүдэх вий дээ” гэж байлаа. Алсын нар жаргахад л лав наашаа уруудаагүй юм. Хайрханы орой дээр маш их удацгаасан. Хүний олныхоо тоогоор зураг хөрөг авахуулж цаг нэлээд алдсан байх.
-Уулчдыг тэртээ тэргүй авирахыг мэдээд та ахлагчид нь юу гэж захьж байв?
-“Олон мөр битгий гаргаарай. Ганцхан газраадаа гараад тэр мөрөөрөө бууж ирээрэй. Энүүхэн хавьд хүртэл “Чи л энэ ууланд хүн гаргаж зуд турхан болгодог” гэж намайг багийн хурал дээр чичилж шүүмжилдэг хүн байгаа шүү” гэж хэлж байсан. Үдэш болсон бараа байхгүй. Үнээгээ ивэлгээд л байсан харанхуй боллоо. Харанхуй болсон хойно саяын хүмүүс осолддогийн наад талд бүдэгхэн гэрлүүд байхыг би дурандаад л байсан. Ер нь явсан хүний тооноос хагас нь л байна гэдэг нь гэрлийн багцаагаар мэдэгдсэн. Олон жил ажилласан болохоор төчнөөн хүн тиймэрхүү гэрэл байна гэдэг багцаа надад байлгүй яахав. Духны гэрлүүд нь нэг л цөөхөн бүдэгхэн харагдаад байсан юм. Эд бол хаашдаа ууланд асчихсан улс. Хонох нь тодорхой. Хөл гараа хөлдөөчих вий гэж бодож байсан болохоос “нүүчихнэ” гэж ёстой бодоогүй.
-Яачихна гэсэн бэ?
-Нүүгээд ингээд уначихна гэж. Шөнө 03 цагийн алдад гарч дурандсан чинь гэрлүүд нь нэг тодроод, нэг бүдгэрээд үзэгдэх төдий л юм харагдсан. Өглөө нь үүр дөнгөж тэмдэгрэхэд харахад бас л тэндээ байсан. 23-ны өдрийн 14 цагийн үед хоёр хүн нь түрүүлж ирсэн шүү дээ.
-Гурван жолооч нь хаа байсан юм?
-Урьд өдөр нь өглөө 07-д хүмүүсээ Бадар хундагын тэнд хүргэчихээд, хоёр машинаа орхиод, нэг тэргээрээ гурвуул ирчихээд манайд идэж уугаад өнжсөн. Харин орой нь нөгөө улсуудаа буугаад ирнэ гээд уулаад машин руугаа явцгаасан. Жолооч нар нь ч хээр хоносон юм. Жолооч нарын хоёр нь шинэ хүн байсан. Шөнө машинууд нь дохиод л байсан юм. Ууланд хонодогуудынх нь гэрэл болохоор хар, цагаан хоёрын зааг дээр байсаар байсан. (Цас, хадны заагийг хэлэв. сур)
-Та уулчдын ахлагчид “Урд Баян хайрханд л авирчихаач” гэж хэлсэн юм уу?
-Би саяын ирэлтээр нь ч хэлээгүй л дээ. Өмнө нь “Чиний хөлийн чинь ул загатнаад уулан дээр гарах гээд бодоод байдаг юм бол энэ хүрэн асга хоёр мянга гаруй метр байгаа. Энэ дээр нэг гарчихаад ахиад нэг гарчихвал яасан юм бэ. Тэгвэл хэмжээ нь болчихно ш дээ” гэж тоглоомоор хүртэл хэлж л байсан.
-Талийгаач Сүрэнжаваас өөр мэргэжлийн уулчин байсан бол уу?
-Мэдэхгүй юм, наадуулыг нь би ёстой танихгүй. Нэг улаан цамцтай, сахалтай залуу “Өмнө нь би энэ ууланд хоёр гурван удаа гарсан ч ийм айхавтар юм болчихлоо” гэхэд нь би “Чи урьд авирч явсан юм бол хамгийн эрсдэлтэй газар руу яагаад буудаг юм. Та нарт өглөө “Нэг замаараа гараад тэрүүгээрээ буугаарай” гэж хэлсэн биз дээ. Чи сонссон доо” гэхэд дуугай л байна лээ. Нөгөө амьд гарсан арвын нэг шүү дээ. Өдөр тугал малаа услах, морио ойртуулах, аргал түлш гэж явсаар гэртээ иртэл нэг фургон нь ирчихсэн байсан.
Хоёр хүн байсны эмэгтэй нь нэлээд уйлчихсан байхаар нь “За, тодорхой юм болж дээ” л гэж бодсон. Эрэгтэй нь нэлээд дуу муутай сууж байсан. “За юу болов, яав” гэтэл “Байхгүй ээ, зарим маань осолдчихлоо” гэсэн. “Ээ чааваас даа, хайран сайхан залуучуудыг та нар амийг нь үрэх гэж аваад ирж дээ, юу ч гэж хэлэх вэ дээ” л гэж би хэлсэн. Би өөр юм хэлээгүй.
-Ай, мөн ч хэцүү юм болжээ?
-Үлдсэн бусад нь цуварч ирсээр цугласан. Манайд хоносон эмэгтэйчүүдээс ерөнхий боловсролын захирал гэж байсан залуухан эмэгтэй байхгүй байна лээ, чааваас. Бас жаран хэдтэй хөгшин эмэгтэй байсан. Тэр бас байхгүй байгаа юм. Тэр хүн манай эхнэртэй зэрэгцэж хоносон юм. Өглөө хувцсаа өмсөхөд нь “Ишш, энэ муу юу бодож байгаа бол? Хүзүүндээ эрхи зүүчихээд энэ сайхан шүтээн дээр гарна гэж зүтгэж явах юм” гэж бодож байсан юм. Тэр хүнийг би уулын оройд гарна ч гэж бодоогүй л дээ. Энүүхнээд нэг жаахан өгсөж мөргөчихөөд буцах байх гэж таамаглаж байсан юм. Тэгэхнээ л хуу зүтгэсэн юм билээ.
-Отгонтэнгэр хайрханы оройд үхсэн адуу гаргаад хаясан гэсэн яриа байсан?
-Гадаадын нэг хүн ар өөд нь өгсөж ирээд уулчин Батмагнайд хэлсэн байдаг. Хоёр жилийн дараа бас нэг хэсэг улс гарч ирээд “Үхсэн адуу байна шүү” гэсэн. Оройнхоо ар руу 200 метрт нэг бор хээр адуу мөс рүү шигдчихсэн юм байна лээ. Тэр адуу өөрийнхөө хөлөөр өврөөсөө л лав гарах үндэс байхгүй. Хүний хүчин зүйлээр л гарсан. Сүүлд манай хамгаалалтын газрынхан хөлийг нь хөрөөдөж жижиглэн буулгаж авчирсан.
-Отгонтэнгэрт нэг онгоц сүйрсэн гээд байдаг даа?
-Би тэр үед 11-тэй хүүхэд байсан. Онгоцны жолооч нь Бороохой гэж хүн байсан. Багийн төв дээр онгоцоо буулгаад аргамжиж хоноход нь үзэх гэж Буянт голын урдаас давхин очиж байлаа. Морь үргээд болохгүй болохоор барааны газар уячихаад явган гүйж очоод айгаад байснаа санадаг юм.
Энэ Шар давааны ам дээр Заяын мүнсэл, Цогтбазар гэдэг хоёр хүн нэгдлийн хуц хариулж байхдаа онгоц сүйрснийг мэдсэн юм гэнэ лээ. Хэд хоног үргэлжилсэн сунжирсан бороо орж байсан. Манараа л, зөөлөндүү сайхан бороо ороо л, нэг сийрээ л, эргээд бүрхээд ороод байдаг байсан үе шүү дээ, тэр жаран хэдэн онд чинь. Онгоцны дуу гарч байгаад нэг нүргэлсэн хатуу дуу гараад чимээгүй болсон гэж бригадын даргад мэдээлсэн байгаа юм. Сүйрсэн онгоцыг тэр мэдээллийн мөрөөр эрсээр олсон юм шүү дээ.
-Тэр сүйрлийн үлдэгдэл цагтай гар хүртэл олдож байсан гэл үү?
-Улсууд тэгж яриад байдаг байсан. Нэг сайхан хромон гутал байхаар нь бариад авсан чинь тасархай хөл байсан, Жооной, Очирбат гэдэг хоёр хүн дуран олчихоод булаацалдаж байгаад асганы хөндий рүү унагачихаад алинд нь ч үгүй авч чадаагүй юм гэнэ лээ гэж намайг хүүхэд байхад ярьдаг л байсан. Тэр онгоцны сэгийг бүрэн цэвэрлэж чадаагүй юм гэсэн шүү. 2005 онд ч бил үү баахан уулчид ирж цэвэрлэсэн. Тэр үед би дөрөв таван эр хонио хоолонд нь хандивлаж л байлаа.
-Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газарт нэвтрэхэд нэг хүний хураамж хэд байх вэ?
-Монгол хүнээс 300 төгрөг, гадаад хүнээс 3000 төгрөг авдаг юм. Жилийн хураамж сүүлийн жилүүдэд хоёр сая долоо найман зуун мянган төгрөг хураачихаад байгаа шүү. Зундаа долоо найман мянган хүн ирнэ шүү. Гадаадын жуулчид зуу гаруй хүн ирнэ. Өдөрт 120 машин ирэх ч тохиолдол байна. Зундаа би гэртээ ч орох завгүй шөнийн 00 цаг хүртэл хаалган дээрээ зогсдог юм.
Эх сурвалж: Л.БАТЦЭНГЭЛ
18 comments
yum meddeg ah daa ugend nb orohgui yav daa
Дэбил ар монгол…
хохь нь гэхээс өөр яаахав дээ
ai hairan zaluus mine dee uilmaar uruvdultei sanagdana
Unshix gesen chini yamar ch nairuulga baixgyi deerees ni amsj ix zev bichgiin dyrmiin aldaanuud baina Ene sonind xyanadag xyn baina yy ajlaa xiigeech ee
soliorolgui unshaach shaaraa
Мундаг хүн дээ, үгийг нь дагаад нэг замаар буцсан бол…
Унших гэсэн найруулгагүй гэдэг хүн монгол хэлнээсээ хэрхэн төсөөрснийг гэрчлэв. Ёстой унаган монгол хэлээ алдаагүй хөдөөний хүний сайхан яриа л байна шүү дээ.
Ёстой сайхан монгол хүн байна
Suuliin 3 asuult ni shal mangar yum. Ene bolson yawdlaa l asuuhgui
Эх нутгаа хайрладаг,ажлаа үнэн сэтгэлээсээ хийдэг,одоо үед ховорхон тохиох жинхэнэ монгол хүн байна.
Тиймээ, багийн хурал дээр загнуулсан байна шдээ, хөөрхий. Сайхан монгол хүн байнаа. Хайран залуус эндсэнд харамсаад баршгүй
хэн ч үхнэ гэж тийшээ очоогүй нь лавтай,яаж үхэхээ хэн ч үл мэднэ,хорвоогоос нэгэнт буцсан тэднийг одоо шүүж тавлаад яахав,ямар ч гэсэн компюторын цаанаас хүн хараагаад сууж байгаа зарим нөхдийг бодоход зорилготой хүсэл тэмүүлэлтэй хүмүүс байсан юм байна,яахав оргилд дуртай хүмүүс тэндээ л мөнхөрлөө,жүжигчин хүн тайзан дээрээ бурхан болохтой л адил,эргэж төрөх болтугай та нар минь
Бид ахмад хүмүүсийн үгэнд орж сурах юмсан. Бас нутгийн зан заншлыг мэдэж авмаар юм байна.
Энэ мангар мөнгөний туламыг ажлаас нь халж шоронд хийх хэрэгтэй шүүдээ ууданд авирч болохгүй гэж Сайдын тушаал гарчхаад байхад цалингаа аваад ярилцлага өгч байдаг новш энэ бол хүн биш
Eej aaw emee uwuu shigee sanaj ih shuteen uulandaa buhnee daatgaj ywdag ym nutgiin zon olon bid.iim zuil bolsond gunee haaramsaj baina.Emgenel ilerhiilie.Um mani badme hum .Um sain amgalan boltuguai.Uunees hoish buurlaas ug sonsoj bai gej zahiy.
Eej aaw emee uwuu shigee sanaj ih shuteen uulandaa buhnee daatgaj ywdag ym nutgiin zon olon bid.iim zuil bolsond gunee haramsaj baina.Emgenel ilerhiilie.Um mani badme hum .Um sain amgalan boltuguai.Uunees hoish buurlaas ug sonsoj bai gej zahiy.
Hen hend ni buruu uguud yahaw mongol tsust ahan duus mini.Burhan bolson humuust buyn sain hiitsgee