“Бүх нийт боловсролын төлөө!” эвслээс жил бүр зохион байгуулдаг “Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний чуулган өргөн хүрээтэй сэдвийг санхүүжилт, чанар, хариуцлагатай байдал гэсэн 3 хүрээнд зангидан тухайн жилд аль нэгийг товойлгон хэлэлцдэг билээ.
Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын боловсролын зорилго, багшийн чадамж, түүнд тавих стандарт, өөрийн удирдлагын байгууллагын туршлага, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудал, эгэх хариуцлагын хүрээнд иргэдийн бүтээлч хамтын оролцооны талаарх туршлагыг хуваалцаж, боловсролын талаар иргэний нийгмийн байр суурийг хэлэлцэн батлахаар зорьж байна.
Наймдугаар чуулганаар боловсролын САНХҮҮЖИЛТИЙН асуудлыг тойрсон хэлэлцүүлгүүдийг өрнүүлэх бөгөөд боловсролын салбарын судлаач, эрдэмтэд, иргэний нийгмийн нийгмийн байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийж Боловсролын Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас Монгол Улсын боловсролын салбарт зарцуулж байгаа зээл тусламжийн талаар танилцуулга хийж хэлэлцүүлэг өрнүүлэх болно.
Цаашид боловсролын асуудлаар хийсэн дүн шинжилгээнүүдийг олон нийтэд танилцуулан хэлэлцүүлэх, шийдлийг тодорхойлж, бодлогод нөлөөлөх, боловсролын чанар, хүртээмж, хариуцлагатай байдлын төлөө ажилладаг байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, боловсролын чанар, санхүүжилт, хариуцлага, ил тод байдлыг хангах, иргэд, иргэний нийгмийн зүгээс бодлогын асуудлуудаар бие даасан байр сууриа хэлэлцэн тодорхойлох, төр болон бусад оролцогч талуудтай санал бодлоо солилцох аж.
Чуулганы нээлтэнд Боловсрол Соёл, Шинжлэх ухаан, спортын Сайд Ц.Цогзолмаа оролцох төдийгүй боловсролын, хүний эрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, үндэсний болон хэлний цөөнхийн, хүүхэд, залуусын, эцэг эхийн, багш нарын байгууллага, бүлгүүд зэрэг 21 аймаг, Улаанбаатар хотын иргэний нийгмийн байгууллагуудаас гадна төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, судлаачид зэрэг 300 гаруй хүн оролцохоо илэрхийлээд байна.
“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл нь боловсролын тогтолцоог хүний мэдэх, бүтээх, хүний ёсоор хамтран амьдарч, нэр төртэйгээр оршиход суралцахуйц, хувь хүний потенциал, чадвар, чадавхыг нээж, эерэг зан үйл, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн, хүмүүнлэг, ардчилсан, хүн бүрийн эрхийг хангасан, тэгш хүртээмжтэй болгон өөрчлөхийг зорьсон 25 гаруй иргэний нийгмийн байгууллагын нэгдэл юм.
Чуулган 2017 оны 11-р сарын 1, 2-нд 09:00-17:30 цагт “Чингис хаан” зочид буудлын хурлын танхимд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000 8292, 9929-9777 дугаарын утсаар эсвэл info@all4education.mn хаягаар холбогдож авна уу.