Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр өндөрлөж, талууд 14 асуудлыг хамтарч хэрэгжүүлэхээр mохирчээ. Хэлэлцээрт Засгийн газрын бүрэлдэхүүнийг ахалсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос зарим асуултад хариулт авлаа.
–Тав хоног үргэлжилсэн гурван талт хэлэлцээрийн хүрээнд талууд санал нэгдэв үү?
-Засгийн газар байгуулагдаад долоо хонож байна. Гэхдээ өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын шаардлагыг хүлээн авч долоо хоногийн дотор санал болгосон асуудлаар ойлголцлоо. Хэлэлцээр амаргүй нөхцөлд явагдсан ч Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлагууд Засгийн газрын бодлого байр суурийг ойлгож дэмжиж ажиллалаа. Засгийн газар байгуулагдсаны маргааш өргөтгөсөн хуралдаан хийж, Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хүлээн авч хэлэлцээр хийх бүрэлдэхүүнийг томилж, удирдамжийг баталж өгсөн. Үүний дагуу долоо хоногийн дотор нэмэлт хэлэлцээр байгууллаа.
–Хэлэлцээрийн хүрээнд ямар ажлуудыг хэрэгжүүлэх вэ?
-Нэмэлт хэлэлцээрийн хүрээнд зөвхөн цалин, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг яриагүй. Нийт иргэдийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын хүрсэн түвшингээс дордуулахгүй байх чиглэлээр ямар бодлого явуулах вэ гэдэг олон асуудлаар Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой санал нэгдэж, гарын үсэг зурлаа. Нийгмийн эмзэг давхарга буюу орлого багатай хэсэгт элдэв хураамжийн хэлбэрээр очиж байгаа санхүүгийн дарамтыг бууруулах талаар дорвитой арга хэмжээ авахаар санал нэгдсэн. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сайн дураараа төлдөг малчид, хувиараа хөдөлмөр эрхэлж буй, ажил эрхэлдэггүй иргэдийн хураамж хоёр жилийн өмнөхөөс долоо дахин нэмэгдсэн хүндрэлтэй асуудал байна. Тиймээс эрүүл мэндийн даатгалын шимтгэл сайн дураараа төлж буй иргэдийн даатгалын шимтгэл төлөх хураамжийн хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар бууруулахаар санал нэгдлээ. Холбогдох хууль тогтоомжийн төслийг 2018 оны төсвийн төсөлд оруулахаар боллоо. Мөн Хүн амын орлогын албан татварын хуульд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өөрчлөлт оруулах юм. Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлт жилдээ 84 мянган төгрөг байсныг 120 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх юм. Ингэснээр ажил хөдөлмөр эрхэлж цалин авч байгаа хүний орлого дээр сард 12 мянган төгрөг улсын төсөвт орохгүйгээр бодитоор үлдэх юм.
–Сайн дурын шимтгэл болон албан татварын хөнгөлөлт чөлөөлтөд хэдэн хүн хамрагдах вэ. Төсөвт ачаалал үүсэх үү?
-Өндөр настан, хүүхдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцдаг. Малчин, хувиараа хөдөлмөр эрхэлж буй 600 мянган иргэн жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиар эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байна. Жил гаруйн өмнө энэ хураамж 8000 төгрөг байсан бол 56 мянган төгрөг болж нэмэгдсэн нь иргэдэд хүндрэл учруулж байна. Тиймээс энэ хэмжээг 50 хувиар бууруулж, 28000 төгрөг болгох юм. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого 12 тэрбум төгрөгөөг буурсан ч сөрөг нөлөөгүй гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар эрүүл мэндийн даатгал 100 гаруй тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдэлтэй байна.
Хүн амын орлогын албан татварын хуулиар жилдээ 84 мянган төгрөгийн орлогыг чөлөөлдөг. Үүнийг ирэх оноос 120 мянган төгрөг болгосноор цалин авч орлого олж байгаа хүн болгон хөнгөлөлтөд хамрагдана. Цаашид Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх байр суурьтай байна.
Эрүүл мэндийн салбарт яригддаг зүйл бол эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдэл их байдаг ч иргэн үйлчилгээ авсныхаа төлөө төлж байгаа зардлын хэмжээ өндөр байгаа явдал. Иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авсныхаа төлөө өөрийнхөө халааснаас төлж байгаа зардлын хэмжээг дорвитой бууруулах зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалыг бие даалгаж, эрүүл мэндийн даатгалын санг салбарт нь бүрэн шилжүүлэхээр болж байна. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын сангаас авах төлбөр өртгийн тооцоог боловсронгуй болгох, даатгалын сангаас санхүүжилт авч чадахгүй байгаа зарим үйлчилгээг санхүүжилт авдаг болгох зэрэг томоохон өөрчлөлт хийнэ. Ингэж чадвал эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин хөлс нэмэгдэх боломжтой. Нөгөө талаас иргэн үйлчилгээ авсныхаа төлөө хувийнхаа халааснаас төлдөг зардлын хэмжээ дорвитой буурах нөхцөл бүрдэнэ.
–Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой цалин нэмэгдүүлэхэд хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх ёстой гэдэгт бид санал нэг байгаа. Ялангуяа, 2014 оноос хойш цалинг нэмэгдүүлээгүй ирсэн. Энэ хугацаанд инфляцийн түвшин 20 орчим хувиар өссөн. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн банк Үндэсний статистикийн газартай хамтарсан судалгааны дүнгээр ядуурлын түвшин 29.6 хувьд хүрч нэмэгдсэн байна. Эдгээрээс харахад төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ улсын төсвийн орлогын боломжит байдал, эдийн засгийн хямралыг богино хугацаанд даван туулах олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг 2017, 2018 онд нэмэгдүүлэхгүй байх гэрээтэй. Энэ амлалтаа хэрэгжүүлэх шаардлагатай төдийгүй олон улсын донор байгууллагуудын санхүүгийн дэмжлэгийг авч байж улс орноо богино хугацаанд хямралаас гаргана гэж үзэж байгаа. Тиймээс цалингийн сан, үндсэн цалинг нэмэгдүүлэхгүйгээр төрийн албан хаагчдын бодит орлогыг тодорхой хэмжээгээр өсгөх арга хэмжээ авъя гэдэгт санал нэгдсэн. Энэ оны төсвийн тодотголд болон ирэх оны төсөвт 112 тэрбум төгрөгийг тусгасан. Энэ бол хүн болгонд 300 мянган төгрөг өгөх нэг удаагийн арга хэмжээ биш юм. 112 тэрбум төгрөгт багтааж төрийн албан хаагчдыг ажлынх нь үр дүнгээр урамшуулал олгосноор бодит орлого нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Урамшуулал олгох журмыг Засгийн газар батална. Гэхдээ эрүүл мэнд, боловсролын салбарт хамтын гэрээ хэлэлцээрээр энэ журмаа өөрсдөө боловсруулаад тогтоогоод яв гэдэг чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.
–Валютын сантай хийсэн гэрээний хүрээнд цалин нэмэх боломж бий юу?
-Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар Олон улсын валютын сантай хэлэлцээр үргэлжилж байна. Ирэх оны II улиралд цалин нэмэгдүүлэх асуудлаар талууд нэмэлт хэлэлцээ хийхээр болсон. Энэ амлалтыг Засгийн газар авч байна. Ирэх онд багтааж өнөөдрийн гарын үсэг зурсан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр дахин өөрчлөлт оруулахаар боллоо.
–Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгох асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ удаагийн хэлэлцээрээр нэг удаагийн урамшуулал олгох эсэх асуудлаар санал яриагүй. Ер нь төрийн албан хаагчдын цалин хөлсний одоогийн мөрдөж байгаа тогтолцоонд өөрчлөлт оруулъя. Ажлын ачаалал, үр дүн, ур чадвар, ажлын байрны нөхцөлөөс хамаарч ялгавартай цалин авдаг байх тогтолцоог хамтарч хийе гэдэгт санал нэгдлээ. Эрүүл мэндийн болон Боловсролын салбарт сайд нарын хамтарсан тушаалаар нэмэгдэл, урамшуулал олгож байгаа журмаа тодорхой болгож шинэчилье. Улам боловсронгуй болгох юм бол заавал цалингийн санг нэмэгдүүлэхгүйгээр нэмэгдэл хөлсийг сайжруулах боломж бүрдэх юм. Тухайлбал, зөвхөн боловсролын салбарт гэхэд нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгохын тулд Засгийн газрын тогтоолоор баталсан долоо, сайдын дангаараа болон бусад сайд нартай хамтарч баталсан таван журам байна. Эндээс харахад нэмэгдэл хөлс олгох байдлыг 12 төрлийн журмаар зохицуулж байгаа нь дэндүү нүсэр, хүнд суртлыг бий болгож байна. Түүнчлэн захирал, менежерийн үзэл бодлоор асуудлыг шийдвэрлэх эрсдэлтэй. Тиймээс дээрх хоёр салбарт нэмэгдэл хөлс олгоход одоо мөрдөгдөж байгаа журмуудыг цэгцлэх, боловсронгуй болгох шаардлагатай.
–Төрийн албан хаагчдын нэмэгдэл, урамшууллыг ямар журмаар хэрхэн олгох вэ?
-Төсвийн байгууллагууд тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа явуулаад орлого олдог. Энэ орлогын хэмнэлт, давсан орлогыг зөвхөн төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа, цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр зарцуулдаг байхаар хууль эрхзүйн үндэслэлийг боловсронгуй болгоход санал нэгдлээ. Ирэх оны эхнээс Нийгмийн даатгал, халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр санал нэгдэж байна. Мөн хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа ээжүүдэд сар тутам, мөнгөн тэтгэмж олгодог байх, өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг эхэд улиралд нэг удаа мөнгөн тэтгэмж олгодог байхаар төсөвт санал оруулна. Боловсролын зээлийн үйлчилгээнд өөрчлөлт оруулах чиглэлээр оюутан хүүхэд их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа бол өөрийнхөө нэрээр зээл авах боломжийг өргөжүүлнэ. Тэгээд сургуулиа төгссөний дараа цалингаасаа буцаан төлөх байдлаар хамрах хүрээг нь өргөжүүлнэ. Одоогийн журмаар аав, ээж нь ажилтай, өөр төрлийн зээлтэй бол зээл олгохгүй байгаа юм. Үүнд өөрчлөлт оруулна. Малчдын тэтгэврийн насыг урагшлуулсан хууль ирэх жилээс хэрэгжинэ.
–Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо болон Үйлдвэрчний эвлэлийн холбоодтой ойлголцсон гэж үзэж болох уу?
-Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд өндөр шаардлага тавьсан. Тэр хэмжээнд очиж чадаагүй ч Засгийн газар өнгөрсөн тавдугаар сараас хойш хөдлөхгүй байсныг бодоход тодорхой хэмжээний хөрөнгө санхүүгийн боломж гаргаж нэг алхам урагшиллаа гэж үзэж байгаа. Гэхдээ үндсэн цалинг 40-50 хувиар нэмэгдүүлэх шаардлага хэвээрээ. Төрийн албан хаагчдын урамшууллыг олгох журмыг хамтраад гаргана. Валютын сантай хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэж тохирсон.
Багш нарын түр хорооныхонтой уулзсан. Багш нар улирлын үр дүнгийн урамшууллын мөнгөө авч чаддаггүй учраас ийм хэлбэрээр мөнгө олгох нь зүйтэй гэж үзсэн. Сангийн сайд, Боловсрол, соёл шинжлэх ухаан спорт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаал гарч цалингийн системд өөрчлөлт оруулах, нэмэгдэл хөлс олгох журмыг боловсронгуй болгох ажлыг хийнэ.
Эх сурвалж: С.УЯНГА