Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой Карлес Пучдемон тэргүүтэй Каталоны Засгийн газрыг огцруулан бүрэн эрхийг нь зогсоох бодолтой байгаагаа мэдэгдлээ. Үүнээс гадна бүс нутагт ойрын зургаан сарын хугацаанд парламентын ээлжит бус сонгууль явуулж, Каталоны хямралыг шийднэ гэж үзэж байна. Энэхүү шийдвэрийг Испанийн сайд нарын танхимын яаралтай хуралдаанаар шийдвэрлэжээ.
“Засгийн газар Испанийн Үндсэн хуулийн 155 дугаар зүйлийг хэрэглэхээс өөр аргагүй боллоо. Гэвч энэ нь бидний хүсч байсан, бодож байсан зүйл биш” хэмээн Рахой хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Испанийн сайд нарын шийдвэрт Каталоны Засгийн газрын тэргүүн Карлес Пучдемон, дэд ерөнхийлөгч Уриол Жункерас болон зөвлөлийн 12 гишүүн багтсан аж.
Ийнхүү өөртөө засаг орны засаг захиргааг огцруулах болсон нь Каталонд хоёр талын зөвшилцөлгүйгээр тусгаар тогтнох тухай бүх нийтийн санал хураалт явуулж, тусгаар улс болсноо зарласантай холбоотой. Үндсэн хуулийн 155 зүйлийг ашиглах эсэх эцсийн шийдвэрийг парламентын дээд танхимаас гаргана.
Харин Каталоны тэргүүн Карлес Пучдемон Испанийн Засгийн газраас авах гэж буй арга хэмжээг “ардчилалд халдсан үйлдэл” хэмээн тэмдэглэжээ. Тэрбээр Барселонагаас тавьсан Мадридтай хэлэлцээ хийх бүх саналыг зөвхөн “үг дуугүй, хэлмэгдүүлэлт” байдлаар хүлээн авч байна гэжээ. Үүнээс гадна Мадридын үйлдлийг “дарангуйлагч Франсиско Франкогийн үеэс хойших хамгийн муу халдлага” хэмээн нэрлэсэн байна.
Үүнээс гадна Барселона хотод хагас сая хүнийг хамарсан том жагсаал болжээ. Иргэд Каталоны тусгаар тогтнолыг дэмжигч орон нутгийн хоёр улстөрчийг чөлөөлөхийг шаардаж байгаа аж. Тэд бол “Каталоны үндэсний ассамблей”, “Omnium Cultura”-гийн тэргүүнүүд болох Жорди Куишар, Жорди Санчес нар юм. Испанийн шүүхээс тэднийг энэ сарын 17-нд саатуулах шийдвэр гаргажээ.
Э.ЗАЯА