2017-10-20 08:571min010

Дэлхийн ур чадварын аваргаас монголчууд анх удаа шагнал хүртлээ

ur chadvar 2017

“Мэргэжлийн олимп” хэмээн нэрлэгддэг Дэлхийн ур чадварын аварга шалгаруулах 44 дэх удаагийн тэмцээн энэ сарын 14-19-нд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болж, тэмцээний аваргууд өчигдөр орой (2017.10.19) тодров. Дэлхийн 77 улс орны 1300 оролцогч, 51 мэргэжлээр ур чадвараа сорьсон тэмцээнд Монгол Улсыг төлөөлж зургаан залуу мужаан, өрөг угсралт, гагнуур, цахилгаан, тогооч, сантехникийн төрөлд өрсөлдсөн юм.

Тэмцээний гагнуурын төрөлд өрсөлдсөн Ж.Жанлав-Ойдов 700 оноо авч шагналт байрт шалгарчээ. Энэ төрөлд алтан медаль авсан орны оролцогч 737 оноо авсан байна. Ийнхүү монголчууд анх удаа Дэлхийн ур чадварын аваргаас шагнал хүртлээ. “Мэргэжлийн олимп”-оос шагнал хүртсэн гагнуурчин Ж.Жанлав-Ойдов 18 настай, Техник технологийн дээд сургуулийн төгсөгч юм. Түүнд даралтат сав гагнах даалгавар иржээ. Энэхүү даралтат савыг 60 хүртэлх баарын хүчээр ус шахаж шалгадаг. Савны битүүмж сайн байх ёстой. Гагнуурын дөрвөн төрөл бүгд ордог хүнд даалгавар учир арав орчим цаг гагнадаг гэж мэргэжлийнхэн тайлбарласан байна.

Тэмцээний тогоочийн төрөлд Б.Дагвасүрэн, барилгын өрөг-угсралтын төрөлд оролцсон Ц.Мягмарсүрэн (17 настай, Барилгын политехникийн коллежийн оюутан), сантехникийн төрөлд Ц.Долгормаа (18 настай, Ховд аймгийн “Хөгжил” политехникийн коллежийн төгсөгч), мужааны төрөлд (Н.Эрдэнэмөнх 20 настай, Техник технологийн дээд сургуулийн төгсөгч), цахилгааны төрөлд Л.Төгөлдөр (19 настай, Налайх МСҮТ-ийн төгсөгч) нар мөн амжилттай өрсөлджээ. Манай улс 2015 онд энэ тэмцээнд анх удаа 9 мэргэжлээр амжилттай оролцож байв. Хоёр жил тутам зохион байгуулагддаг энэ тэмцээний 2019 оны эрхийг ОХУ-ын Казань хот авсан бол 2021 оны эрхийг БНХАУ-ын Шанхай хотод очсон байгаа юм.