АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны талаар мэдээлсэн. Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангийн мэдээлэлд дурдсан зарим асуудлаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагтай ярилцав.
-Танай байгууллагын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Төрийн төв байгууллага болох 109 байгууллагад цалингийн 40 хувийн нэмэгдэл аваад тэнд байгаа ажилчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хариуцдаг 1570 ажилтан байдгийг мэдлээ” гэж мэдээлсэн. Мөн танай итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар төмөр замд ажиллаж байна гэсэн. Энэ хүмүүс ямар учиртай юм бэ?
-Манай байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн албан тушаалтан ямар ч төрийн байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд байхгүй. Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан гуай итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж Эрх бүхий албан тушаалтнуудыг хэлсэн юм болов уу гэж ойлгож байгаа.
Энэ бол шинэ зүйл огт биш. Хуулиас гадуур зүйл ч биш юм. 2012 оноос хэрэгжиж эхэлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу нийтийн албан тушаалтнууд өмнө мэдүүлж байсан хөрөнгө, орлогын мэдүүлгээс гадна хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ мэдүүлэх болсон. Энэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам”-аар Эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ы харилцааг зохицуулж байгаа. Уг журмын 3 дугаар зүйлд мэдүүлгийг бүртгэж хүлээн авах байгууллага, эрх бүхий албан тушаалтны эрх, үүргийг нарийвчлан тодорхойлсон. Ер нь бол ЭБАТ гэдэг нь манай байгууллагын ажилтан юм уу, итгэмжлэгдсэн төлөөлөгч биш тухайн байгууллагын үндсэн албан хаагч нь байдаг. Өөрийн байгууллагынхаа албан хаагчдын гаргасан хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хүлээн авч бүртгэн хадгалдаг, холбогдох мэдээ тайлангаа гаргаж манайд ирүүлдэг, үндсэн ажлынхаа зэрэгцээ ЭБАТ-ны ажлыг давхар гүйцэтгэдэг тул хуулиараа үндсэн цалингийнхаа 40 хүртэл хувийн цалингийн нэмэгдлийг өөрийн байгууллагаасаа авч ажилладаг. Байгууллагуудын хувьд голцуу хүний нөөцийн болон хуулийн хэлтсийн алба хаагчид нь өөрийн байгууллагынхаа ЭБАТ-ны үүргийг гүйцэтгэж байдаг. Энэ нь Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь “авлигатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, бүртгэх, хянах, зөвлөгөө өгөх асуудлыг бүтцийн нэгждээ хариуцуулах;”-аар заасан төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хүлээх нийтлэг үүрэгт хамаарч байгаа, хууль тогтоомжийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаа гэдгийг хэлэх хэрэгтэй.
Уг нь Олон нийтийн зөвлөлийн шинээр байгуулагдсан бүрэлдэхүүнд байгууллагын хэлтэс, албадын чиг үүрэг, гүйцэтгэж буй ажлын онцлог зэргийг танилцуулах явцад ЭБАТ-ын талаар маш тодорхой дэлгэрэнгүй тайлбарлаж танилцуулсан, яагаад итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж ярьсныг хэлж мэдэхгүй байна.
-Энэ хүмүүс заавал 40 хувийн нэмэгдэл цалин авах ёстой юм уу?
-“Нийтийн албаны удирдлага нь тухайн байгууллагын захиргаа, хуулийн асуудал эрхэлсэн албаны эрх бүхий албан тушаалтанд мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих, тайлагнах ажлыг тушаал, шийдвэрээр хариуцуулан томилж, түүнд албан тушаалынх нь цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл урамшуулал олгох бөгөөд шаардлагатай тохиолдолд уг асуудлыг эрхлэх орон тооны ажилтантай байж болно” гэж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2012 оны 05 дугаар тогтоолоор эрх, үүргийг нь тодорхойлсон байгаа. Тэгэхээр бүгд 40 хувийн нэмэгдэл авдаггүй. Журамд 40 хүртэл хувь гэж заасан. 40 хүртэл хэдэн хувиар олгох эсэх нь тухайн албан хаагчийнхаа ачаалал зэргийг харгалзах байгууллагын удирдлагын сонголт, шийдвэр.
Энэ нь АТГ-т хамааралгүй, харин тухайн байгууллагын дотоод ажил. ЭБАТ нь өөрийн үндсэн албан үүргээ гүйцэтгэхийн хажуугаар авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн дагуу байгууллагын удирдлагаасаа хүлээлгэсэн үүргийг хэрэгжүүлдэг. Энэ хүмүүс хэд хэдэн үүрэг хүлээсэн. Үүнийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар зүйлээс танилцах боломжтой.
-Мөн “21 аймагт 300 мянган төгрөгөөр цалинждаг, нийслэл, дүүрэг, яам, тамгын газар агентлагуудад 500 мянгаар цалинждаг Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд гэж байдаг” талаар ярьсан.
-УИХ-аар 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “яам, агентлаг, орон нутагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл”-ийг байгуулан ажиллуулахаар тусгасан. Энэ зөвлөл авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөхиүлэн дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих зорилготой бөгөөд Зөвлөлийн гишүүнээр 3 хүртэл иргэнийг сонгон шалгаруулж ажиллуулахаар төлөвлөж байгаа.
АТГ-ын ажлын хэсгүүд 21 аймаг, 13 яам, 27 агентлагт очиж ажиллан, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, шалгалт хийсэн. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг яг одоо яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцүүлж байгаа. Авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөлийн 3 гишүүн-иргэний хувьд, нэг иргэн нь аймаг, яам, агентлагийн нээлттэй, ил тод байдлыг хянана. Хууль тогтоомж зөрчсөн болон хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтан иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхийг хянана. Хоёр дахь иргэн нь Шилэн дансны хуулийн хэрэгжилт, тухайн төрийн байгууллагын төсөв, санхүү, төсвийн орлого, зарцуулалт, хандив, зээл тусламж, түүний хуваарилалт, төсөл хөтөлбөр, худалдан авах ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гарч байгаа эсэхэд хяналт тавих юм. Харин гурав дахь иргэн нь нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэхийг хянаж зөрчил илэрсэн тохиолдолд манайд мэдэгдэж шалгуулж байх учиртай. Түүнээс өөрсдөө хянаж шалгах эрх эдлэхгүй. Аймаг, яам, агентлаг бүрт ийм чиг үүрэгтэй 3 иргэн ажиллана гэсэн үг.
Ийм байдлаар төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг олон нийт, иргэдийн хяналтад оруулъя, төрийн байгууллагад иргэний хяналтыг бий болгоё гэж АТГ зорьж байгаа. Өнгөрсөн оны сүүлээр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдаж баталгаажсанаар энэ ажлыг санаачлан эхлүүлсэн, одоо эхлэлийн шатандаа явж байна. Одоогоор хэн нэгэнд цалин олгосон асуудал байхгүй. Хөтөлбөр маань 2017 оны улсын төсөв батлагдсанаас хойш УИХ-аар хэлэлцэгдэж батлагдсан учраас хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөв мөнгө энэ оны төсөвт суугаагүй байгаа. Аймаг, яам, агентлагийг хариуцан ажиллах Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд нь АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлд огт хамааралгүй хүмүүс. Харин авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил юм.
-Тэгэхээр Эрх бүхий албан тушаалтны хийж байгаа ажлыг иргэд хийнэ гэсэн үг үү? 40 хүртэл хувийн нэмэгдэл цалин авдаг Эрх бүхий албан тушаалтнууд ажилласаар байх уу?
-Бидний барьж байгаа бодлого бол иргэд, олон нийтийн бодит хяналт, оролцоог төрийн үйл ажиллагаанд бий болгох юм. Энэ хүрээндээ ЭБАТ-нуудын үйл ажиллагаа хуулийнхаа хүрээнд явагдаж байгаа эсэхийг ч давхар хянах боломжтой юм. ЭБАТ-нуудын үйл ажиллагаа бол хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, тайлагнахтай холбоотой хууль журмаар зохицуулагдаж буй тухайн байгууллагын дотоод үйл ажиллагаа учир хуулийнхаа хүрээнд энэ хэвээрээ үргэлжлээд явна.
-Гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан хүмүүс УБТЗ-д ажиллаж байгааг Олон нийтийн зөвлөл шалгаад тогтоосон тухай ярьсан. Энэ асуудлыг АТГ шалгаагүй, шийдээгүй юм уу? Олон нийтийн зөвлөл хяналт шалгалт хийх эрхтэй юу?
-Юуны өмнө Олон нийтийн зөвлөл өргөдөл, гомдол хянаж шалгах эрхгүй гэдгийг хэлье. Г.Баасан даргатай Олон нийтийн зөвлөл манай байгууллагын “Олон нийтийн төв”-д суун ажиллаж байгаа. Иргэдээс өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч байгаа юм билээ. Энэ хүрээндээ иргэдээс Олон нийтийн зөвлөлд хаяглан ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн талаар олон нийтэд мэдээлж танилцуулах эсэх нь өөрсдийнх нь мэдэх хэрэг. Хяналт шалгалтын ажил явуулсан гэж яриагүй байлгүй дээ. Олон нийтийн зөвлөлийн дарга, гишүүд нь өргөдөл, гомдол хянан шалгах эрхгүй учраас иргэдээс ирүүлсэн гомдлыг харьяалан шалгах эрх бүхий байгууллагад нь шилжүүлэн шалгуулж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг авч болох байх.
УБТЗ-ын асуудлаар АТГ-аас 2017 оны 3 дугаар сараас хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. “УБТЗ” ХНН-ийн холбогдох албадын дарга нарыг хууль бусаар ашиг сонирхлын зөрчилтэй томилсон” гэх гомдол, мэдээллийг холбогдох хуульд заасныг үндэслэн хянан шалгасан. Үүнд, Дотоод аудит, хяналтын албаны дарга Ж.Пунцаг, Хөдөлмөрийн харилцааны албаны дарга Б.Оюунчимэг, Хангамжийн албаны дарга Р.Зоригт нарын асуудал байдаг. Энэ хүмүүс 2016 оны 10 дугаар сард томилогдсон юм билээ. Ингэхдээ Ж.Пунцаг, Б.Оюунчимэг нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулалгүй томилсон байсан. Р.Зоригтын хувьд АТГ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ирүүлснийг хянан үзээд уг ажлын байрны шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тул өөр этгээдийг энэ албан тушаалд томилох талаар анхааруулга бүхий хариуг 2016 оны 10 дугаар сарын 17-нд УБТЗ руу хүргүүлсэн. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр түүнийг Худалдан авах, борлуулалтын ажиллагааны албаны даргаар томилсон байдаг.
АТГ-аас Ж.Пунцаг, Б.Оюунчимэг, Р.Зоригт нарын асуудлаар “УБТЗ” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаад зөрчлийг арилгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичгийг 2017 оны 3 дугаар сард хүргүүлсэн. Ж.Пунцагийн “Ял шийтгэлийн тэмдэглэл”-ийг анхан шатны шүүхээс зохих журмын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвд хүргүүлээгүйн улмаас шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн лавлагааны цахим санд мэдээлэл бүртгэгдээгүй болох нь АТГ-ын хяналт шалгалтын явцад тогтоогдсон. Улмаар Ж.Пунцагийн ял шийтгэлийн тэмдэглэлийг мэдээллийн санд бүртгүүлсэн. Харин Б.Оюунчимэг, Р.Зоригт нарын хувьд ялтайд тооцох хугацаа нь тухайн үед дууссан байдаг.
Дараагийн удаад АТГ 2017 оны 4 дүгээр сард мөн Д.Жигжиднямаа руу хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичиг хүргүүлсэн. АТГ-аас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэр болон холбогдох хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа Д.Жигжиднямаад өөрт нь хариуцлага тооцуулах асуудлыг 2017 оны 5 дугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Улаанбаатар төмөр замын Ерөнхий хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт албан бичгээр хүргүүлсэн. 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Д.Жигжиднямаагаас Ж.Пунцаг, Б.Оюунчимэг нарыг удирдах албан тушаалаас нь өөрчлөн тохирох ажилд томилох, Р.Зоригтыг ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа ормогц асуудлыг шийдвэрлэх болно гэсэн утгатай албан бичиг ирүүлсэн. Мөн 10 дугаар сарын 5-ны өдөр УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных дээрх 3 хүнд зохих арга хэмжээг авснаа мэдэгдэж, тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалыг манайд хүргүүлсэн. Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу АТГ хяналт шалгалтын ажиллагаа явуулж, албан бичиг, албан шаардлага хүргүүлсний дүнд хууль зөрчсөн үйлдлийг арилгуулсан.
Хяналт шалгалтын ажлын гүйцэтгэл газар дээрээ ямар байгааг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны ахлах ажилтан В.Энхтүвшинтэй хамт Олон нийтийн зөвлөлийн гишүүн Д.Пүрэвбаатар очиж УБТЗ-ын албаны хүмүүстэй уулзаж бодит байдалтай газар дээр нь танилцсан. Миний ширээн дээр УБТЗ ХХН-ийн дарга Д.Жигжиднямаад АТГ-аас хүргүүлсэн албан бичгүүдийн хуулбар байна. АТГ асуудлыг шалгаагүй, шийдээгүй асуудал байхгүй гэдгийг та эндээс харж байгаа байх.
Олон нийтийн зөвлөлийн зарим гишүүн АТГ эдгээр хүмүүсийг ажлаас халаагүй гэж ярьсан байна лээ. Зарим хүний бодож байгаа шиг АТГ-ын хяналт шалгалтын ажилтан гүйж очоод ажлаас нь халчихдаг юм биш ээ. Зөрчил гаргасан албан тушаалтныг ажлаас халах чөлөөлөх, сахилгын шийтгэл оногдуулах эрх нь тухайн албан тушаалтныг томилох, чөлөөлөх эрх эдэлдэг дээд шатны албан тушаалтанд нь байдгийг мэддэггүй учраас хуулийн мэдлэггүй иргэд, олон нийт тухайн хүнийг АТГ ажлаас нь халсангүй гэдэг өрөөсгөл ойлголттой байдаг байж магадгүй. Бид авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хүрээнд л өөрсдийн эрх хэмжээний арга хэмжээг авч асуудлыг шийдвэрлэдэг, хуулиас давсан эрх мэдлийг хэрэгжүүлэх боломжгүй юм.
-Хулгайн хэрэгт ял шийтгэгдсэн хүн АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг гэсэн мэдээлэлд Та ямар хариу өгөх вэ?
-АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн албан тушаалтай хүн төрийн аль ч байгууллага, төрийн өмчийн оролцоотой ямар ч аж ахуйн нэгжид байдаггүй гэдгийг би түрүүн хэлсэн. АТГ одоогоор хэн нэгэнд итгэмжлэл олгож төлөөлөгчөөрөө томилоогүй гэдгийг дахин батлан хэлье.
Эх сурвалж: М.БААСАНДЭЛГЭР