Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ихэнх сумдын нутагт энэ жил урьд өмнө тохиолдож байгаагүй гантай байсны улмаас мал сүрэг тарга хүч тааруухан авч, малчид ирэх өвөл, хаврыг хэрхэн давах талаар ихээхэн санаа зовж байна.
Тэд өөр аймаг, сумдын нутаг руу нүүдэл хийж байгаа ч очсон газар нь боломж тааруухан байгаа ажээ. Малчид малаа зах зээлд борлуулахад ихээхэн анхаарч байгаа ч малын болоод махны үнэ ханш доогуур байна. Өнөөдөр тус аймгийн Шинэ-Алтай зах дээр адуу 450.0-500.0, үхэр 600.0-650.0, хонь 60.0-90.0, ямаа 30.0-60.0 мянган төгрөний үнэтэй байна. Махны тухайд бөөний үнээр адууны мах 2.8, үхрийн мах 3.5, хонины мах 3.0, ямааных 2.8 мянган төгрөг, жижиглэнгийн үнээр 3.2- 4.5 мянган төгрөгний үнэтэй байна.
Ш.Цоодол
Эх сурвалж: montsame.mn