Сэтгүүлч хүн эрүүл мэндийн салбарыг авч явж чадахгүй гэлцсэн цэцэрхэл цахим орчноор дүүрэн. Сэтгүүлч учраас эрүүл мэндийн сэдвээр бичиж, ярьж, сурвалжилж чадахгүй гээд эмч нар өөрсдөө ярьж, хэлж, бичдэг хэрэг үү. Тамирчин хүн уул уурхайн салбарыг мэдэх үү. Батлан хамгаалах салбарыг заавал генерал, хурандаа нар удирдах ёстой юу… Энэ мэтчилэн бусад яам, сайдууд руу чичлэхгүй хэрнээ яагаад бүсгүйчүүд рүү үгийн илд шидэж, өвөр түрийгүй муулалцана вэ. Барж дийлэх хоол нь бүсгүйчүүл байдаг хэрэг үү. Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа нар бол яалт ч үгүй монгол эмэгтэйчүүдийн минь шилмэл төлөөлөгч, шилдэг удирдагч нар.
Ц.Цогзолмаагийн хувьд сурган хүмүүжүүлэх ажлыг бүхий л шатанд нь хийж, эрхэлж ирсэн сэхээтэн. Тэгтлээ хүний хийж чадахгүй, дөнгөхгүй ажлыг хийлгэх гээд байгаа биш дээ, ямар. Аль аль нь маргаангүй, сайдын энтэй бүсгүйчүүл. Ядаж л эх хүн, ээж хүн худал хэлж, хулгай хийхгүй.
Удирдлагууд нь дараалан авлигын хэргээр үйлдэл дээрээ баригдаж байсан Эрүүл мэндийн яамыг салбарынх нь хүнээр удирдууллаа гэхэд л өнөөх нь бөөн ашиг сонирхлын зөрчилтэй, гаргасан шийдвэр бүр нь хувийнх нь бизнест ашигтай байхаар шийдэгдэж байсныг мартах цаг болоогүй байна. Энэ түвэгтэй салбарыг Д.Сарангэрэл гишүүн харин ч асуудалгүй удирдаж чадах сайн менежер. Шулуун шударга үгтэй, эрс шийдэмгий түүнийг Эрүүл мэндийн салбарыг мэдэхгүй хэмээх дүгнэлт нь харин ч өрөөсгөл гэдгийг бардам хэлж чадах байна. Эрүүгийн шинэ хуулиар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд юу юугүй ял эдлэхээр заалттай байсныг энэхүү чичлүүлээд байгаа гишүүн бүсгүй чинь Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ нартай хамтран хуулийн төсөл санаачлан, хойно урдгүй орж гүйсээр засч, залруулж өгөөгүй бил үү.
Хэдэн жилээр дамнан яригдсан, эхэлдэг ч үгүй, дуусдаг ч үгүй барилгууд болох Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл, Түлэнхий төвийн шинэ барилгын шийдэгдэхгүй удсан төсөв, хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлүүлсэн биш гэж үү. 10 гаруй жилийн турш огт шинэчлэгдээгүй “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ыг шинэчилж батлуулсан хүн гэдгийг олон нийтээр мартчихсан хэрэг үү. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласныг, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн мөн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгааг энүүхэн зуурт бүү март. Тэрбайтугай салбарын хүн гэгдээд томилогдсон А.Цогцэцэг сайд асанд хүртэл “Жирэмсэн эхчүүд гурван шинжилгээ өгөхийн тулд гурван өөр эмнэлэг дамжин өвлийн хүйтэн, зуны халуунд хөлсөө цувтал, хөлөө хавагнатал явж байна. Тиймээс жирэмсэн эхчүүдэд үзүүлэх Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг цэг байгуулж өгөөрэй” гэж байсныг ч эргэн саная.
Мөн автор нь өөр нөхдөөр хаяглагддаг элэгний В, С вирустай 400 мянган хүний асуудалд чиглэсэн алхмуудыг улсын хэмжээнд нэн яаралтай хийх шаардлагатайг тодотгож, тэдний эмчилгээний гол найдвар болсон Харвони гэх өндөр өртөгт эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тал дээр санаачлагатай ажиллахыг хүсч, настайчуулын хамгийн ихээр ууж, хэрэглэдэг өвдөгний үений эмийг хүртэл зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулахыг шаардаж байсан хүн яагаад Эрүүл мэндийг салбарыг удирдаж чадахгүй гэж?!
Ц.Цогцолмаа гишүүний хувьд ч тэр. Боловсролын салбар бодлогогүй болж, хөл толгойгоо “алдаж”, дотроо жийлцэх болсон энэ үед харин ч зөв хүн сонгогдсон биш үү. Хэдийгээр тэрбээр парламентад шинэ ч МУИС-ийнХовд дахь салбарт багш, ЗДТГ-т мэргэжилтэн, Ховд аймгийн ИТХ-д мэргэжилтэн, Ховд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн дарга, Олон улсын хүүхдийн Найрамдал төвд бүлгийн ахлах удирдагч, Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга, Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны даргаар ажиллаж байсан арвин намтар, туршлагатай, хүчирхэг удирдагч бүсгүйчүүдийн нэг.
Төрийн албанд тасралтгүй 20 гаруй жил ажиллахдаа нийгмийн салбарт, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн боловсролын чиглэлд анхаарлаа хандуулж, үзэл бодлоо илэрхийлж ирснийг мартаж, үгүйсгэх хэрэггүй байлтай. УИХ-ын гишүүн болсныхоо дараа ч мөн холбогдох байнгын хороод болоод эмэгтэй гишүүдтэйгээ нийлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулиудын нөхцөл байдалтай танилцаж, тэдэнд тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө асуудлыг шат шатанд нь тавьж ажилласаар байгааг бид харж байна. Дэлхийн улс орнуудад дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын ажлын байр бараг л бэлэн байдаг атал Монголд дипломаа өвөртөлчихөөд ажилгүй байдаг гаж тогтолцоог халах нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлдэг тэрбээр хэд хэдэн хуулийн төсөл боловсруулан ажиллаж байгааг ч дурьдах нь зүй. Эцсийн дүгнэлтэд, хамгийн чухал, хамгийн адармаатай, хүн бүр, иргэн бүр шөвөлзөж, үгээ хэлж, үзгээ хурцалдаг, нярайгаас өтгөст хүртэл хүртээлтэй яамдаа бүсгүйчүүддээ хаялаа. Үүн дээр нь нэмээд нулимаад, өшигчөөд, ус цацаад байх хэрэг бий гэж үү. Хэл амаа билүүдэж, чадах чадахгүйгээр нь урьтаж дүгнэж байхаар эхлээд ажлыг нь хийлгээд үзье. Шүүмжлэх, чичлэх цаг бидэнд хангалттай бий.
Салбарыг сайн мэргэжилтэн биш сайн менежер, сайн менежмэнт л авч явдаг гэдгийг улстөржиж, уралцсан цаг бүртээ бултаараа харж байгаа шүү дээ. Тэдэндээ итгэе, бүсгүйчүүл минь чадна аа. Тэд энэ цагийн, энэ засгийн шилдэг менежерүүд байх болно гэдэгт итгэе.
Эх сурвалж: http://niigmiintoli.mn/?p=1671
3 comments
Амжилт амжилт амжилт амжилт амжилт
ХАРЖ Л БАЙЯ.
хөөрхий амьтад арга ядсанч юм даа. ийм юм бичүүлээл. сайд болох гэж үнэн чичирч байнаа…