[starbox]
Данийн саятан Петер Мадсены хэрэг дэлхийн цуврал аллагын тухай хамгийн дуулиантай мөрдлөг шалгалт болон хувирч мэдэхээр байна. Хувийн пуужингаараа сансарт нисэхээр шийдсэн “Хоёр дахь Илон Маск” эхэндээ “Наутилус” хэмээх өөрийнхөө зохион бүтээсэн шумбагч онгоцонд Шведийн сэтгүүлч бүсгүйтэй сууж яваад алга болсон гэх мэдээлэлд холбогдож байсан. Тэгвэл одоо цагдаа нар тэрхүү шумбагч онгоцыг галзуу маньякийн дур хүслээ гүйцээдэг газар байж магадгүй гэж сэжиглэх болжээ. Скандинавын детектив цувралыг санагдуулам энэхүү хэргийг “Лайф”-т ингэж бичсэнийг товчлон хүргэе.
“Наутилус” бол 18 метр орчим урттай, хоёр метр өргөнтэй, 40 тоннын багтаамжтай шумбагч онгоц юм. Европт гар аргаар хийгдсэн хамгийн анхны шумбагч онгоц нь 46 настай бизнесмэн Петер Мадсены жинхэнэ бэлгэдэл гэж хэлж болно. Мадсеныг ч олон нийтийн санхүүжилтээр хөрөнгөжсөн дэлхийн анхны саятан гэж үздэг. Түүний хувьд ёстой л ширхэг зүү ч хурааж хуримтлуулсаар хөрөнгөжсөн нэгэн юм. Мадсен анх сансрыг эзлэхээр төлөвлөж буйгаа зарлахад бүгд дооглон инээлдэж байв. Тэгмэгц тэрбээр шумбагч онгоц барьж эхэлжээ. Учир нь тэрбээр пуужин, шумбагч онгоцны хувьд ижил зүйл олон гэж бодсон аж. Шумбагч онгоц, пуужин хоёр хүнийг тэг цэгээс, өөрөөр хэлбэл дэлхийн хөрснөөс хөдөлгөдөг зүйлс юм.
2008 онд тэрбээр сайн дурынхны тусламжтайгаар интернэтээс 200 мянган ам.доллар цуглуулж, тэрхүү “Наутилус”-аа бүтээжээ. Үүний дараа тэрбээр шумбагч хоёр онгоц бүтээж, үйлчлүүлэгчдэд зарсан байна.
Ингээд хүмүүс ч Мадсенд итгэж эхэлсэн тул тэрбээр “Copenhagen Suborbitals” компаниа байгуулж, 2011 онд Балтийн тэнгист хөвдөг тавцангаас Петер Мадсены НЕАТ 1Х анхны сансрын пуужинг хөөргөсөн байна. Уг пуужин нь “Тихо Браге” буюу Данийн алдарт одон орон судлаачийн нэрээр нэрлэгдсэн. Ингээд олон нийтийн санхүүжилтийн тусламжтайгаар дахиад л мөнгө цуглуулж эхлэв.
Харин саяхан Мадсен дахиан Данийн баатар болох дөхжээ. Тэрбээр өөрийнх нь байгуулсан “Rocket Madsen Space Lab” компанийг шинэ пуужин бүтээх мөнгө цуглуулж эхэлснийг зарласан байна. Энэхүү пуужинг 2019 онд хөөргөх бөгөөд төсөлд хандив өргөсөн Данийн иргэд анхны сансрын нисгэгчид болох гэнэ.
Гэвч өдгөө энэхүү төлөвлөгөө Мадсены өөрийнх нь буруугаас болж биелэгдэхээргүй болжээ. Даничууд ч үндэстний гол баатар нь нэг л өдөр харгис хэрцгий аллагын гол, цорын ганц сэжигтэн болсонд өнөөг хүртэл итгэж чадахгүй байна.
Бүх зүйл Ким Валль хэмээх сэтгүүлч эмэгтэйгээс эхтэй. Шведийн Мальмё хотын уугуул, АНУ-д амьдардаг, алдарт “Vice” сэтгүүлд ажилладаг 30 настай энэ бүсгүй Мадсенаас том ярилцлага авах санал тавьжээ. Мадсен ч зөвшөөрч, далимд нь “Наутилус”-аар тэнгист аялахыг санал болгосон байна.
Оройн 18:00 цагийн үед Мадсен, Ким Валль нар Рефхалеёэн арал дээрх Halvadet хэмээх жижиг рестораны дэргэд уулзжээ. Энэ бол Копенгагены төв хэсэг бөгөөд дарвуулт завины клубууд төвлөрсөн газар. Энд л өнөөх алдарт “Наутилус” “зогсож байлаа”.
Удалгүй Ким Валль хөлөг дээр гарч, 19:00 цагийн үед задгай тэнгист Шведийн Мальмёгийн зүг гарчээ. Мадсены хэлж буйгаар энэхүү аялал ганц хоёрхон цагаас хэтрэх ёсгүй байв.
Наймдугаар сарын 11-ний шөнө Ким Валлийн найз залуу санаа зовж эхэллээ. Бүсгүй гэртээ харьж ирээгүй төдийгүй утасны хариу ч өгсөнгүй. Ингээд тэрбээр цагдаа, аврах алба руу ханджээ. “Наутилус”-ын радио долгион хариу өгөөгүй тул тэр даруй эрлийн үйл ажиллагаа эхэлсэн байна.
2017.08.11
Аврагчдын нисдэг тэрэг өглөөний 10 цагийн үед “Наутилус”-ын Копенгагенаас өмнө зүгт тэнгист 50 км-ийн цаана байгааг олж тогтоов. Удалгүй Петер Мадсен холбоо тогтоож, шумбагч завинд нь техникийн асуудал үүссэн, тэгээд боомтод ирсэн гэжээ. Цагийн дараа шумбагч завь живжээ. Шумбагч завийг илрүүлсэн аврагчдын нэг Кристиан Исбакийн хэлснээр тухайн үед “Наутилус”-ын өрх усан дээгүүр байдалтай хөвж явахад нь аврагч эр Мадсеныг задгай жолоодлогынхоо тэнд зогсож байсан гэжээ. Дараа нь Мадсен доош бууж, завинаас анх агаарт гарч байгаа мэт дээшилж иржээ. Ингээд завь живсэн байна. Мадсен жолоодлого руугаа үсрээд аврах хантааз өмсөөд тэнгис рүү үсэрч, Ибсак өрх хүртэл сэлжээ.
Мадсеныг аварсны дараа тэрбээр цагдаа нарт завиа цистернээс болж живсэн гэж ярьсан байна. Харин сэтгүүлч Ким Валль хаана байгааг асуухад тэрбээр мөрөө хавчиж, өчигдөр орой л анх уулзсан “Halvadet” рестораны дэргэд хүргэж өгсөн гэжээ.
2017.08.12
Цагдаа нар Мадсеныг Шведийн сэтгүүлчийг санаатайгаар, эсвэл санамсаргүй хөнөөсөн хэрэгт буруутган баривчилжээ. Учир нь “Halvandet” ресторан оройн 22.00 цагт хаасан бөгөөд бизнесмэнийг сэтгүүлч эмэгтэйг хүргэж өгсөн гэж гэрчлэх, үгүйсгэх гэрч олдоогүй аж. Гудамжны камерыг шүүхэд ч Ким Валль явсан ул мөр харагдсангүй.
Шүүх дээр Мадсен Ким Валлийг болгоомжгүй байдлаасаа болж, толгой дээрээ люкны 70 кг-ийн хүнд жинтэй таг унагаснаас болж амиа алдсан гэжээ. Тэр үед Мадсен “Наутилус”-ынхаа жолоодлогон дээр байсан бөгөөд сэтгүүлч бүсгүйг өөрийнх нь араас гарч ирээрэй гэжээ. Уг нь тэр тагийг барьж байсан ч гараас нь хальтираад эмэгтэйг цохисон гэнэ.
Түүнчлэн тэрбээр Ким Валлийн цогцсыг нэг өрөөнд үлдээж, өглөө нь шумбагч завьтайгаа живж амиа хорлохыг оролдсон гэсэн байна. Гэвч тэрбээр үхэхээс айжээ.
2017.08.13
Живсэн шумбагч завинд нэгжлэг хийсэн хүмүүс тэнд Ким Валлийн цогцос алга гэжээ. Орой нь Петер Мадсен мэдүүлгээ гэнэт өөрчилж, цогцсыг шумбагч завинд үлдээгээгүй, задгай тэнгист хаясан гэв.
2017.08.14
Дани, Шведийн тэнгисийн аврах албаныхан Ким Валлийн цогцосны эрэл гарав. Үүнээс гадна живсэн шумбагч онгоцыг татаж гаргах ажиллагааг эхлүүлж, хэргийн газарт мөрдлөг хийжээ.
2017.08.21
Данийн Амагер арлын дугуйчин тэнгисийн эрэг дээр эмэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага өгчээ. Цагдаа нар ч дуудлагын дагуу очиж шалгатал толгой, гар, хөлгүй цогцос олдсон байна. Их биед хүнд металл хоолой уясан нь цогцсыг хөвж гаргахаас сэргийлэх гэсэн бололтой. Гэвч шуурга цогцсыг эрэг дээр гаргаж шиджээ.
2017.08.23
ДНК-ийн шинжилгээ хийсний дараа цагдаа нар энэхүү цогцос Ким Валлийнх мөн гэж албан ёсоор мэдээлжээ. Задлан шинжилгээгээр түүнийг хүнд металл зүйлээр хэд хэдэн удаа цохисон нь тодорхой болов. Түүнчлэн хутга, иртэй зүйлээр 15 удаа шархдуулжээ.
Петер Мадсеныг санаатайгаар хүний аминд хүрсэн гэсэн зүйл ангиар буруутгаж эхлэв. Харин Мадсен Валлийн цогцсыг бүрэн бүтэн хаясан гэж мэдүүлэг өгсөөр байлаа.
2017.08.24
Шумбагч завинаас Валлийн цус, үс олдов. Түүнчлэн Петер Мадсены биеэс Ким Валлийн ДНК-ийн үлдэгдэл илэрчээ. Мадсены оффист нэгжлэг хийж эхэлсэн байна.
2017.10.03
Шүүгч Якоб Буч-Жепсен Мадсены оффисоос хураан авсан компьютерийн хатуу дискнээс эмэгтэйчүүдийг хүчирхийлж, толгойг нь авч буй порно кино илрүүлжээ. Цагдаа нар энэхүү бичлэгийг үнэн, үнэхээр аллаг харуулсан гэж үзэж байна. Гэхдээ цагдаа нар “Эдгээр кино нь Мадсеныг сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт хамааралтай болохыг батлахгүй. Харин түүнийг тамлан зовоож, хүчирхийлж, хөнөөдөг кинонд дуртай болохыг баталж байна” гэжээ.
Мадсен энэ кинонуудыг огт мэдэхгүй гэж байгаа бөгөөд оффисынх нь компьютерт нь олон хүн орж болдог учраас даргадаа гомдсон ажилтнуудынх нь нэг нь суулгасан байх магадлалтай хэмээсэн байна. Мадсены өмгөөлөгч ч үйлчлүүлэгчээ хүний аминд хүрсэн гэх шууд нотолгоо байхгүй тул батлан дааж гаргахыг шаардсаар байгаа юм.
2017.10.07
Данийн цагдаа нар Ким Валлийн толгойг олжээ. Толгойг хоёр хөлтэй нь хамт цүнхэнд хийж, тэнгист хаясан тухай Копенгагены цагдаагийн газрын шинжээч Йенс Моллер мэдэгдсэн байна. Түүнчлэн цүнхэнд талийгаачийн хувцас хунар байжээ.
Хэргийн гогцоо
Үүнтэй зэрэгцээд Данийн цагдаагийн газрынхан сэтгүүлч Ким Валлийг “Наутилус” онгоцон дээр амиа алдсан цорын ганц хохирогч биш гэж үзэж байна. Тиймээс цагдаа нар нэмэлт мөрдлөг шалгалт хийж байгаа аж.
Саяхан л гэхэд тус улсын цагдаагийн газар 22 настай Японы оюутан Казүки Тоянагаг Мадсены хохирогч болсон байж болзошгүй гэж мэдэгджээ. Энэ бүсгүйн цогцос 1986 оны намар Копенгагены эргээс олдсон юм. Түүний цогцсыг мөн л мөчилж, хэсэг хэсгээр нь живүүлжээ. Алуурчин оюутан бүсгүйн мөч, биед хүнд ачаа уясан байдал нь ч Ким Валлийн их биед уясантай яг адил байгаа аж. Тухайн үед Мадсен дөнгөж 16 настай байсан ч түүний намтрыг бичигчдийн тэмдэглэснээр бол энэ насандаа тэрбээр хичээл тарсны дараа аавтайгаа далбаат завиар тэнгист гарч, тэнгисийн зангилаа зангидаж сурсан гэнэ.