Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр /2017-10-04/ болж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэсэн нь шүүгчид эрх олгосон заалт бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч болох шүүгч Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүртэлх хугацаанд ажиллах, хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байна.
Тиймээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргалаа гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.