“Моннис” группийн охин компани “Моннис Урбан девелопмент”-ийн эд хөрөнгийг битүүмжлэх шүүхийн захирамж гарчээ. Учир нь тус компани дөрвөн жилийн өмнө ажилчдаа хөнгөлөлттэй үнээр орон сууцтай болгоно хэмээн нэг хүнээс дунджаар 30-40 сая төгрөг, нийт тав орчим тэрбум төгрөгийг байрны урьдчилгаа төлбөрт авсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч блок нь ашиглалтанд ороогүй тул урьдчилгаа мөнгөө өгсөн иргэн Д.Батгэрэл өнгөрсөн хавраас эхлэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ.
Энэ дагуу шүүх өнгөрсөн зургадугаар сарын 10-наас наймдугаар сарын 1-ний өдрийн хооронд 36 сая 450 мянга болоод нэмэгдэл төлбөр гурван сая 650 мянган төгрөг нийт 40 сая төгрөгийг шатлалтайгаар бүрэн барагдуулахыг “Моннис Урбан девелопмент” компаниас шаардсан байна. Гэвч тус компани өнгөрсөн хугацаанд шүүхийн шийдвэрт хайхрамжгүй хандаж биелүүлээгүй учир дахин шүүхэд хандаж, шүүгчийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн гүйцэтгэх хуудас гаргуулжээ.
Шүүхийн 2017 оны есдүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар гомдол гаргасан тал нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албатай гэрээ байгуулж, баталгаажуулсан өдрөөс эхлэн тус компанийн нэр дээрх бүх эд хөрөнгө болоод гүйлгээ хийдэг дансыг нь битүүмжлэх эрхтэй болох аж. Харин тус компанийн гүйцэтгэх захирал Б.Урантулга хэлэхдээ орон сууц ашиглалтанд ороогүй байгаа нь дахин төлөвлөлтийн хүрээнд ажил гүйцэтгэх гэрээ сунгагдахгүй хүлээгдэж байгаа гэнэ. Мөн эдийн засгийн хямралд өртсөн гэх тайлбар өгчээ.
Тус компани дөрвөн жилийн өмнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт барилгын ажлыг эхлүүлж 2014 оны дөрөвдүгээр улиралд оршин суугчдаа хүлээн авхаар төлөвлөсөн байжээ.