Ө.Энхтүвшин: Зөвшилцөөгүй, томилж байгаад бид эгдүүцэж байгаа

2017-10-04 15:56
энхтүвшин

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тодруулсан билээ. Энэ үеэр Засгийн газрыг огцруулах үндэслэлд гарын үсэг зураагүй 32 гишүүн чуулганы танхимд орж ирээгүй юм. Тэдний зүгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Ард түмний өмнө хүлээсэн хариуцлага, амлалт байна. Засгийн газрыг унагахдаа 30 орчим хүн Ардчилсан намын дэмжлэгийг аваад огцруулсан. Гэтэл өнөөдөр зөвшилцөөгүй, томилж байгаад бид эгдүүцэж байгаа юм. Тэгээд хурал дээр хэлж байгаа үгийг нь гайхаж байна. Одоо бол ямар зарчмаар ажиллах вэ гэдэг нь гол асуудал. Ардын намд талцал байна. Эв нэгдлийг хангах тал дээр Ерөнхий сайд ажиллах ёстой. Засгийн газарт хэн, хэн орох вэ гэдэг бол бүр дараа, дараачийн асуудал” гэж тодотгосон юм.

Мөн энэ үеэр ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат  “Ардчилсан намын дэмжлэгийг авч байгаа нь бидний хувьд маш сонин санагдсан. Өнөөдрийн нөхцөл байдал амаргүй байхад Ерөнхий сайд томилогдлоо. Багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шаардлагатай. 65-ын бүлгийн эв нэгдэл Ерөнхий сайдаас л хамаарна. Дээр нь МАН бол талцаад, хоёр хуваагдаад, нам байгуулаад явахгүй байх. Зарчим, бодлого дээрээ ойлголцоод явах байх” гэсэн юм.

Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=97991