Хууль зүй, дотоод хэргийн яам, Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажилтан, алба хаагчдын хэрэгцээнд зориулан барьж буй 420 айлын орон сууцны шав тавих ёслол өнгөрсөн баасан гаригт (2017.09.29)болов.
Гэрээнд заасны дагуу барилга угсралтын ажил өнөөдрөөс эхэлж, 2018 оны 12 дугаар сарын сүүлчээр дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.
420 айлын, үйлчилгээтэй орон сууцны барилгын барилга угсарлтын ажлыг гүйцэтгэхээр “Гүрт цамхаг” ХХК шалгарч, гэрээ байгуулан, ажлаа ийнхүү эхлүүлж байна. Гүрт цамхаг ХХК нь өмнө нь Цагдаагийн ерөнхий газар, Хууль сахиулахын их сургуулийн захиалгаар ажилчдын орон сууц барих ажлыг гүйцэтгэсэн, манай салбарын байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай компани юм.
Энэхүү орон сууцны барилга нь дэргэдээ оршин суугчдын хүүхдүүдийг сургах цэцэрлэгтэй байх юм байна.
АЕГ-ын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын барилга нь одоогийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 1975 онд архивын зориулалтаар баригдаж, 40 гаруй жил ашиглагдсан. 2016 онд Архивын ерөнхий газрын нэгдсэн цогцолбор барилга баригдаж нүүн орсноор уг барилгыг буулгаж, тухайн газрыг орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой болжээ.
Мөн барилгын ашиглалт, хийцийн төлөв байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулахад үйл ажиллагаа явуулахад эрсдэлтэй гэж үнэлсэн байдаг. Газрын зориулалтыг орон сууцны зориулалттай болгох, барилгыг актлуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагуудад хүргүүлж, зөвшөөрөл авснаар барилгыг буулгаж ажилтан, албан хаагчдын орон сууц бариулах боломж бүрдэж байна.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа агентлагийн удирдлагуудын төлөөлөл шав тавих ёслолд оролцлоо.
Эх сурвалж: ХЗДХЯ