Санхүүгийн зохицуулах хороо өчигдөр /09.27/ болсон ээлжит хуралдаанаараа Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу “МИК актив арван гурав” ХХК-д ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олгож, тус компанийн гаргаж буй 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 30 хүртэл жилийн хугацаатай, 1,902,864 ширхэг, нийт 190.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий баталгаат үнэт цаасыг бүртгэлээ.
Бүртгэгдсэн үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад захиалгын дагуу худалдахыг “МИК актив арван гурав” ХХК-д зөвшөөрч, зээлийг багц дахь мэдээллийн үнэн зөв, эрсдэлгүй байдлыг хангах, ипотекийн зээлийн болон хариуцлагын даатгалд хамруулах, багц дахь хөрөнгийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллага дахь барьцааны бүртгэлд бүртгүүлэх гэх мэтээр хууль, журмаар хүлээсэн үүргээ биелүүлж, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг тогтмол Хороонд тайлагнаж ажиллахыг “МИК ОССК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, “МИК актив арван гурав” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Оюунгэрэл нарт үүрэг болгов. Мөн тогтоолоор, “МИК актив арван гурав” ХХК-д орон сууцны зээл багцлан худалдаж буй анхны үүрэг гүйцэтгүүлэгч банкууд болон үйлчилгээ үзүүлэгч банкуудад тогтмол хяналт тавьж, тайлан мэдээг ирүүлж байхыг Монголбанкинд зөвлөлөө.
Хуралдаанаас, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-д хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ. 2011 онд батлагдсан Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн дагуу Засгийн газрын шийдвэрээр 2013 онд байгуулагдсан тус бирж Хорооноос тусгай зөвшөөрөл авалгүй ажиллаж ирсэн нь ихээхэн зөрчилдмөл байдлыг үүсгэж байсан юм. Тиймээс эрх зүйн болон үйл ажиллагааны нийцлийг хангах талаар талууд багагүй хугацаанд хамтран ажилласны үр дүнд ийнхүү тусгай зөвшөөрлийг олгож байна.
“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-д тусгай зөвшөөрөл олгосонтой холбогдуулан, бараа, түүхий эдийн чанар, тээвэр, баталгаат агуулах, лабораторийн стандартыг хангуулах, үнийн өөрчлөлтөөс сэргийлэх талаар хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, Хороотой нягт хамтран ажиллах, ж хийх, эрсдэлийг бууруулах санг үүсгэж, зохицуулалт бий болгох, арилжаа, төлбөр тооцооны болон брокер компаниудын үйл ажиллагааг зохицуулсан дүрэм, журмыг Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, холбогдох журам зааварт нийцүүлэн баталж, Хороогоор батламжлуулж ажиллахыг гүйцэтгэх захирал Х.Баатарт үүрэг болгов.
Түүнчлэн, биржийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, компанийн засаглал, тайлагналын ил тод байдлыг хангуулж, боловсон хүчний чадавхыг сайжруулах, арилжаалагдах бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх болон хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдэд суурилсан үүсмэл үнэт цаасны арилжааг эхлүүлэх чиглэлээр Хороотой хамтран ажиллахыг ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэнд зөвлөлөө.
Мөн Хорооны хуралдаанаар, энэ оны гуравдугаар сард хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Нэйшнл ассет менежмент ҮЦК” ХХК-ийн “Капитал инвестмент фанд” хувийн хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулахаар ирүүлсэн баримт бичгийг хэлэлцээд, бүртгэн авахаар тогтлоо. Сан үүсгэн байгуулах ажиллагааг зохих журмын дагуу гүйцэтгэж, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд мөрдөн, мэргэжлийн ёс зүйтэй ажиллахыг “Нэйшнл ассет менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мэргэнбаатарт даалгав.
Түүнчлэн, нээлттэй хувьцаат компани болж өөрчлөн зохион байгуулагдаж буй “Айтүүлс” ХК-ийн нэг бүр нь 43 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, нийт 34,452,124 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэв. Үүний 21,064,144 ширхэгийг “Ай Си Ти групп” ХХК-ийн эзэмшилд бүртгэхийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д, 13,387,980 ширхэгийг тогтоосон үнийн аргаар тус бүрийн үнийг 100 төгрөгөөр нийтэд санал болгон худалдахыг “Айтүүлс” ХК тус тус зөвшөөрлөө. Нийтэд санал болгон худалдаалах хувьцааны 75 ба түүнээс дээш хувийг анхдагч зах зээлд арилжаалсан тохиолдолд арилжааг амжилттай болсонд тооцох бөгөөд зарагдаагүй үлдсэн хэсгийг хүчингүйд тооцохоор тогтоож, Хорооноос арилжааг амжилттай болсонд тооцох хүртэлх хугацаанд үнэт цаасны арилжаанаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг тусгаарлахыг “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-д үүрэг болгов.
Хорооны хуралдаанаар, 2015 оны хоёрдугаар хагасаас хойш санхүүгийн тайлан ирүүлээгүй, үзлэг, шалгалтад санаатайгаар хамрагдаагүй, хуулийн дагуу шаардлага, сануулга өгч, үйл ажиллагааг нь гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн боловч зөрчил дутагдлаа арилгаагүй “Бага хээр ҮЦК”, “Бумбат шигтгээ ҮЦК”, “Превалент ҮЦК” ХХК, “Сэлэнгэ түмэн ҮЦК”, “Финанс линк групп ҮЦК”, “Говийн ноён нуруу ҮЦК”, ‘Би Би Эс Эс ҮЦК’, ‘Зюс капитал ҮЦК’, ‘Эм Даблью Ти Эс ҮЦК’ ХХК-уудын үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх, “Капитал эстимэйт” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болголоо.
Хорооноос хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрөл авснаас хойш 1-3 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын сангаа байгуулаагүй буюу үйл ажиллагаа огт явуулаагүй “Агниста инвест менежмент”, ‘Бодь инвест менежмент’ ХХК-уудын болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон дагаж мөрдөх үзүүлэлтийг хангаж ажиллаагүй, 2016, 2017 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй “Сити инновэйшн”, “Монголын багш нарын хөгжил”, “Ундрах актив” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг тус тус гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэв.
Эх сурвалж: СЗХ