ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Шин Ён-Сү, Монгол Улсын Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн урилгаар Монгол улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд ЭМЯ, ДЭМБ-ын 2017-2021 онд хамтран ажиллах стратегийн баримт бичигт 2 тал гарын үсэг зурлаа.Мөн Айлчлалын хугацаанд алслагдсан дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төв, ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Шин Ён-Сү хэлэхдээ Монгол улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд ихээхэн ахиц дэвшил гарч, эх, хүүхдийн эндэгдлийн түвшинг бууруулж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, бүх насны хүн амыг вирүст гепатит оношилгоо, эмчилгээ хийж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Монгол улсын засгийн газар, Эрүүл мэндийн яам “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа нь дэлхий дахинаа Монгол улс 2020 онд вирүс гепатитгүй улс болно гэдгийг онцлон, цаашид “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ажиллахыг зөвлөлөө.
Гэсэн ч хэдий ч Монгол улсад зүрхний өвчин, цус харвалт, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчин нэмэгдэж байгаа мөн агаарын бохирдол, ус, ариун цэврийн нөхцөл зэрэг эрүүл мэндэд нөлөөлдөг нийгмийн болон орчны хүчин зүйлүүдэд анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна. Тухайлбал, хот төлөвлөлтөөр авто-замын осол гэмтлийг бууруулах, эрүүл хүнс үйлдвэрлэх хөдөө аж ахуйн санаачилга хэрэгжүүлэх, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалахад хэрэгтэй мэдээллийг олгодог боловсролын хөтөлбөрүүдийг гарган шийдвэрлэх шаардлагатай.
Тиймээс дээрх өвчлөлүүдийн эсрэг Монгол улсын засгийн газар, Эрүүл мэндийн яам дангаар зүтгэх бус, хүн амын эрүүл мэндийн төлөө холбогдох салбаруудын хандлага өөрчлөгдөж хамтран ажиллаж шийдвэрлэх нь зүйтэй гэлээ. ДЭМБ, Эрүүл мэндийн яамны хамтын ажиллагааны дараагийн 5 жилийн хугацаанд удирдан чиглүүлэх зорилгоор Хамтын ажиллагааны стратегийн хүрээнд дараах гурван тэргүүлэх чиглэлийг баримтална.
Үүнд:
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй байлгах эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх. Үүнд: эрүүл мэндийн бодлого, санхүүжилт, мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг сайжруулах, нянгийн тэсвэржилттэй тэмцэх, эрүүл мэндийн аюулгүй байдлыг үргэлжлүүлэн бэхжүүлэх.
- Хүн төвтэй тэргүүлэх чиглэлийн нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг цогцоор нь хэрэгжүүлэх. Үүнд: халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах, эх, нялхас, хүүхэд, өсвөр үеийнхэнд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх.
- Нийт монголчуудын эрүүл мэндийг сайжруулах, эрүүл орчноор хангахын тулд олон салбарыг татан оролцуулах, эрүүл мэндийн асуудлыг төрийн бүх бодлогод тусгах, ингэхдээ түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагаа, зохицуулалтыг сайжруулахад анхаарах.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг: ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Шин Ён-Сү Монгол улсад айлчилж байгаад талархал илэрхийлээд, Монгол түмнийхээ эрүүл мэндийг хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулж хамтын ажиллагааныхаа хүрээнд хэнийг ч орхигдуулахгүй байх зарчим баримтлан ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: ЭМЯ